Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний олон улсын байгууллага/EANET/

372

Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээ (EANET) нь Зүүн Азийн бүс нутагт агаарын бохирдол, түүний улмаас үүсэх хүчиллэг тунадасны сөрөг нөлөөллийг бууруулах, үнэлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрууд хоорондын хамтын ажиллагааг дэмжин зохицуулдаг олон улсын механизм юм. Тус сүлжээ нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөр (UNEP)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгждэг бүс нутгийн хамтын ажиллагааны чухал платформ бөгөөд шинжлэх ухаанд суурилсан мэдээлэл солилцоо, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэдэг.

EANET-ийг байгуулах бэлтгэл үе шатны үйл ажиллагааг 2000 онд Япон Улсын Нийгата хотноо зохион байгуулсан БНХАУ, Индонез, Япон, Малайз, Монгол, Филиппин, БНСУ, Тайланд, БНСВУ зэрэг 10 улсын Засгийн газрын байгууллагуудын төлөөлөгч оролцсон 2 дугаар хуралдаанаар үнэлж, Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээг албан ёсоор байгуулан баталгаажуулсан байна.

Үүний дараа 2001 оны 11 дүгээр сард Тайланд Улсын Чианг Май хотноо зохион байгуулагдсан Засгийн газрын байгууллагуудын 3 дугаар хуралдаанаар EANET-ийн үйл ажиллагааны дүрэм, зохион байгуулалтын үндсийг баталснаар тус байгууллага байнгын, тогтвортой үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн юм.

Одоогийн байдлаар EANET-д БНХАУ, Индонез, Япон, Малайз, Монгол, Филиппин, БНСУ, Тайланд, ОХУ, БНСВУ, Лаос, Камбож, Мьянмар зэрэг нийт 13 улс бүрэн эрхт гишүүнээр нэгдэн орж, бүс нутгийн хэмжээнд агаарын бохирдол, хүчиллэг тунадасны мониторинг, өгөгдөл солилцоо, шинжилгээ-судалгаа, чадавх бэхжүүлэх сургалт, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр идэвхтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлж байна.

EANET-ийн Нарийн бичгийн дарга нарын газар нь Япон Улсын Нийгата хотод байрладаг бөгөөд бүс нутгийн хэмжээнд стандартчилсан ажиглалт, чанарын хяналт, шинжлэх ухааны үнэлгээ, тайлан мэдээ боловсруулах ажлыг зохицуулан ажиллаж, гишүүн орнуудын байгаль орчны бодлого, шийдвэр гаргалтад бодитой хувь нэмэр оруулж байна.

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ) нь Зүүн Азийн орнуудын хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээ (EANET)-ний идэвхитэй гишүүн орон бөгөөд үндэсний түвшний мониторинг, судалгааны үйл ажиллагааг удирдан зохицуулж байна.

 

 

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С. Жавзмаа

Өрөөний дугаар: 604

email: javzmaa@namem.gov.mn 

Хуваалцах :