Удирдлагын мэндчилгээ
УДИРДЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт таны энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье.
Монгол орны онцлог болох өргөн уудам нутаг дэвсгэр, эрс тэс уур амьсгал нь манай улсын нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт, ялангуяа нүүдлийн мал аж ахуйд шууд нөлөөлдөг. Иймээс уур амьсгал, усны нөөц, байгаль цаг агаарын таатай нөхцөл боломжийг эдийн засгийн хөгжилд бүрэн ашиглах, мөн байгаль цаг агаарын болзошгүй аюул, гамшиг, орчны ноцтой бохирдлоос урьдчилан сэргийлж, нийгэм, эдийн засагт учрах эрсдэлийг бууруулах замаар улс орныхоо тогтвортой хөгжлийг дэмжих нь бидний үндсэн зорилго билээ.
Цаг уур, орчны шинжилгээний газар нь энэхүү зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө шинжлэх ухааны үндэслэлтэй, найдвартай мэдээлэл, урьдчилсан мэдээг боловсруулж, хэрэглэгчиддээ шуурхай, ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэхэд онцгой анхаарч ирсэн. Энэ хүрээнд шинэ техник, технологийг үйл ажиллагаандаа тасралтгүй нэвтрүүлж, мэдээллийн чанар, бодит байдал, найдвартай байдлыг байнга дээшлүүлэхийг эрхэмлэдэг.
2025 онд бид дараагийн үеийн супер компьютерийн технологийг нэвтрүүлж, 21 аймгийн төвд агаарын чанарын автомат станц, Монгол орны 17 томоохон голд усны хэмжилтийн автомат төхөөрөмж суурилуулснаар салбарын мэдээлэл, үйлчилгээний чанарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарлаа. Түүнчлэн шөнийн ажиглалтыг автоматжуулах OWL систем, байгаль орчны лабораторийн үйлчилгээг цахимжуулах D-Lab программ, бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн платформ www.weather.gov.mn зэргийг чадварлаг цаг уурчид, технологийн ажилтнуудынхаа хүчээр хийж нэвтрүүлснээр урт, дунд, богино хугацааны урьдчилсан мэдээний үнэн зөв байдал, хэрэглэгчдэд хүрэх шуурхай байдал эрс сайжирсан.
Цаг агаарын аюулт үзэгдлийн эрт сэрэмжлүүлгийг төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-гаар хүргэдэг болсны зэрэгцээ цаг агаарын тодорхойлолт, ажиглалтын мэдээ авах процессыг цахимжуулж, хэрэглэгч өөрийн сонгосон үзүүлэлт, хугацаа, нөхцөлөөр авах боломжийг бүрдүүллээ.
Өндөр хүчин чадалтай тооцоолох төхөөрөмжийн шинэчлэлийн үр дүнд хот, суурингийн 3 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг 12 цагийн давтамжтай хүргэдэг байсан бол 3 цагийн нарийвчлалтай хүргэдэг болов.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.3.1-д "Стандарттай байгаль орчны салбар" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын 368 стандартад техникийн түвшний үзлэгийг хийж, шинэчлэх ажлыг эхлүүллээ.
Цаг агаарын мэдээг өнгөрсөн 100 жилийн турш тоон аргаар мэдээлж ирсэн. Уламжлалт мэдээллийн зэрэгцээ цаг агаарын үндсэн мэдээллүүдийг хиймэл дагуулын зурагтай нэгтгэж, бодит цагийн мэдээллийг эх хэл дээрээ газрын зургаас иргэд өөрсдөө сонгон үзэх бололцоог бүрдүүллээ. Үзэгдэл, температур, даралт, салхины хурд, чиглэлийг үүл, үер, аюултай үзэгдэл, хуурайшилтын мэдээтэй сонгосон байршилд, хүссэн байдлаараа давхцуулан харах боломжтой болоод байна.
Дэлхийн Цаг Уурын Байгууллага, БНХАУ-ын Цаг уурын албанаас хамтын ажиллагааны хүрээнд Олон төрлийн байгалийн гамшгийг эрт илрүүлэхэд шаардлагатай хиймэл оюунд суурилсан сервер, программ хангамжийн бүрдлийг ЦУОШГ-т олгож, үйл ажиллагаандаа ашиглаж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ган зуд, ой, хээрийн түймэр, үер усны аюул зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамж, хүч нэмэгдэж, энэ нь манай байгууллагын үүрэг, ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Бид үүний учир цаг уур, орчны хяналт шинжилгээний ажлаа улам боловсронгуй болгож, өндөр хариуцлагатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай болсон бөгөөд энэхүү үүргээ нэр төртэйгээр биелүүлэхийн төлөө хичээн зүтгэж байна.
2026 оныг салбарын хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, технологи шинэчлэлийн жил болгон зарласан бөгөөд Допплерын радарын 3, агаар мандлын дээд үе давхаргыг судлах 2, агаарын чанарын 3, ус судлалын 5, цаг уурын 5 автомат станцыг шинээр байгуулах ба 20 гаруй өртөө харуулын байрны шинэчлэлийг хийж байна.
2026 онд олон улсад мэдээлэл дамжуулдаг цаг уурын өртөөдийн тоог хоёр дахин нэмэгдүүлэх, улсын хэмжээнд шар усны үерийн аюулын зураглал хийх, хөрсөн дэх хүнд металлыг 30-аас доошгүй үзүүлэлтээр тодорхойлох, хүчтэй салхи, цасан шуурганы 5 хоногийн нөлөөлөлд суурилсан прогнозын технологийг шуурхай үйлчилгээнд нэвтрүүлэх, аймгийн төвүүдийн агаарын чанарыг 24 цагийн хугацаанд хянаж, нээлттэй мэдээлэх, орчны шинжилгээний ажилд мөнгөн усны хэрэглээг халах зорилт тавин ажиллаж байна.
Энэхүү цахим хуудсаараа дамжуулан бидний хэрэгжүүлж буй үндсэн бодлого, үйл ажиллагаа, өнгөрсөн болон одоо, ирээдүйд хийгдэх ус, цаг уур, орчны шинжилгээний мэдээ мэдээллийг та бүхэнд ил тод, хүртээмжтэй байдлаар хүргэсээр байх болно. Манай мэдээлэл, үйлчилгээ таны өдөр тутмын амьдрал болон бизнесийн үйл ажиллагаанд бодит үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.
Дэлхийн жишигт хүрсэн ус, цаг уур, орчны мэдээллийн үйлчилгээг бид хүргэнэ.
Хүндэтгэсэн,
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг — Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга