Төсөл, хөтөлбөрийн ил тод байдал
Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөр
- Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар:
- “Монгол Улсад цөлжилттэй тэмцэх” төслийг Цөлжилттэй тэмцэх Талуудын 17-р бага хурлыг үндэслэн дэмжиж БОУАӨЯ-ны 3 агентлаг болох ЦУОШГ, УСГ, Ойн газарт 2 жилийн хугацаанд 1 сая еврогийн санхүүжилттэй хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тус төслийн албан ёсны уулзалтыг 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж, уулзалтад БНФУ-ын Элчин Сайдын Яамны төлөөлөгчид, Метео-Франс Интернэшнл байгууллагын төслийн захирал Кристоф Периард болон ЦУОШГ-ын удирдлага, мэргэжилтнүүд оролцов. Төсөл нь 2 үе шаттай байх бөгөөд эхний үе шатанд сервер байршуулж урьдчилан мэдээлэх пост байгуулах бөгөөд дараагийн үе шат нь чадавх бэхжүүлэх сургалт орох юм. 2026 оны 9 дүгээр сарын 1-ээс эхлэн Метео-Франс Интернэшнл серверийн туршилтыг эхлүүлэх бөгөөд 2027 оны 1 дүгээр сарын 1-ээс төхөөрөмж хүлээн авах төлөвлөгөөтэй байна.
Төслийн хийгдэх ажлын талаар товч мэдээлэл : MFI annex
- Бүгд Найрамдах Солонгос улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар:
- Монгол Улсад цаг уурын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах төслийн хүрээнд БНСУ-ын Цаг уурын газраас 2017-2019 онд манай улсын 4 аймагт нийт 32 ширхэг цаг уурын автомат станц суурилуулж байсан бол 2022-2025 он хүртэл нэмж 20 ширхэг төхөөрөмж Батсүмбэр, Дэрэн, Өлзийт, Аргалант сумуудад суурилуулсан. Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод агаар мандлын дээд давхаргын ажиглалтын станц буюу аэрологийн станц амжилттай суурилуулсан бөгөөд тус төслийн хүрээнд 2 ширхэг газ генератор, WAS, WEB сервер, 2000 ширхэг М20 радиозонд, 900 ширхэг шаарны тусламж үзүүлсэн. 2026 онд ус төрөгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс мониторинг төхөөрөмж суурилуулсан мөн өмнө суурилуулсан автомат станцын мэдрүүрийн сэлбэг хэрэгсэл нийлүүлж 10 ширхэг мэдрүүр хүлээн авсан байна. Тус төслийн хаалтыг 5 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулж, гарын үсэг зурах, тууз хайчлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав.
- Монгол Улсын Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд Агаарын чанарын хяналтын харуул суурилуулах төслийн хүрээнд 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын станцыг суурилуулж дууссан. Агаарын чанарын автомат станц суурилуулсан аймагт газар дээр нь сургалт зохион байгуулан ажилласан. Мөн УБ хотод болон БНСУ-д сургалт зохион байгуулсан. Автомат станцын мэдээллийг олон нийтэд хүргэх agaar.mn сайтыг шинэчилсэн. Төслийн хүрээнд 2026 онд суурилуулах багаж, тоног төхөөрөмжийг БНСУ-аас хүлээн авч, 2026 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс БНСУ-ын “Кентек” ХХК-ийн хоёр баг аймгуудад суурилуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотод агаарын бохирдлын 6 үзүүлэлт болон цаг уурын үзүүлэлтийг тасралтгүй хэмжих 3 автомат станц, 9 аймгийн төвд ижил төрлийн автомат станц, бусад аймгийн төвд агаарын бохирдлын 4 үзүүлэлт болон цаг уурын үзүүлэлтийг хэмжих автомат станц тус тус суурилуулахын зэрэгцээ бүх аймагт тоосонцрын сорьц авагч багаж нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Улаанбаатар хотод шинээр суурилуулах 3 автомат станцын байршлыг тогтоох асуудлаар НЗДТГ-тай хамтран ажиллаж, Нийслэлийн Боловсролын газрын саналын дагуу 79, 133 дугаар цэцэрлэг болон “Монгол Тэмүүлэл” сургуулийн орчимд суурилуулах бэлтгэл ажлыг хангаж, суурийн ажлыг эхлүүлээд байна.
Тухайн 2 төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээг Сангийн яамны odamis.publicinvestment.gov.mn цахим сайтаар мэдээлэл оруулан үнэлж БОУАӨЯ-д үнэлгээг хүргүүлсэн.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 503
email: solongoa@namem.gov.mn