Гадаадад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл
Хотын зайнаас тандан судлалын мэдээлэл боловсруулах болон байгаль орчны хүчин зүйлсийн нарийвчилсан хяналт сургалтад оролцсон тухай тайлан

2025 оны 09-р сарын 08-12-ны өдрүүдэд Хятадын Дэжян мужийн Дэцин хот, Гео орчны мэдлэг, инновацын олон улсын хүрээлэнгийн харьяа Газарзүйн инновац ба олон улсын хамтын ажиллагааны төвд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэхүү сургалтын зорилго нь зайнаас тандан судалгааны технологийн боломж, хэрэглээг гишүүн орнуудад (Иран, Перу, Пакистан, Тайланд, Монгол, Бангладеш, Турк) танилцуулж, практик мэдлэг олгоход чиглэсэн. APSCO, Хятадын шинжлэх ухааны хүрээлэн, газар зүйн зураглалын байгууллагууд, STAR.VISION, PIESAT, Huantian constellation баг, мөн хөдөө аж ахуйн их сургуулийн судалгааны багууд илтгэл тавьсан ба сургалтын үеэр хотын орчны мониторинг, газар тариалангийн судалгаа, тогтвортой хөгжлийн зорилт, гамшгийн менежмент болон хиймэл дагуулын дата боловсруулах дэвшилтэт аргачлалуудыг хамарсан.
Сургалтын явцад дараах зүйлүүдийг голчлон танилцуулав:
Хот төлөвлөлт:
- Хотын ногоон байгууламжийг NDVI, LAI, GVI гэх мэт үзүүлэлтээр хэмжиж, хүртээмжийн тэгш байдлыг үнэлэх боломж.
- Дулааны арлын (UHI) өөрчлөлтийг хиймэл дагуулын өгөгдлөөр илрүүлж, ирээдүйн төлөвийг загварчилсан байсан.
- Барилга, авто зам, дэд бүтцийн динамикийг LiDAR болон хиймэл оюун ухаанаар автоматаар илрүүлэх аргуудыг танилцуулсан.
Тогтвортой хөгжлийн зорилт (SDG):
- GAIA болон GUB дата ашиглан хотын хил заагийг тодорхойлж, хиймэл бүрхүүл гадаргууг зураглах аргачлал танилцуулсан.
- Nighttime Light Data ашиглан Хүний үйл ажиллагаа ба хотжилтын эрчийг хэмжих боломжийг онцолсон.
- Түүнчлэн нүүрстөрөгчийн алдагдлыг үнэлж, урт хугацааны хотжилтын өөрчлөлтийг загварчлах арга барилыг хуваалцсан.
Хөдөө аж ахуй:
- Landsat болон Sentinel хиймэл дагуулын өгөгдлийг ашиглан улаан буудайн тархцыг илрүүлж, ургацын таамаглал гаргах боломжийг судалсан. Энэ нь тариалангийн салбарын менежментэд чухал дэмжлэг болохыг харуулсан.
Хиймэл дагуулын систем ба дата платформ:
- VISION компанийн хиймэл дагуул дээр суурилсан бодит цагийн AI боловсруулалт, Space App Store санаачилга, Huantian constellation-ийн өндөр нарийвчлалтай мониторингийн боломжуудыг танилцуулсан.
- PIE Software болон PIE-Engine Cloud нь алсаас тандан судалгааны өгөгдлийг боловсруулах, шинжлэх бүрэн экосистемийг бүрдүүлж байгааг тайлбарласан.
APSCO-ийн сургалтын хүрээнд үндэслэн танилцсан технологи, арга зүйг хот төлөвлөлт, газар тариалан, экологийн хамгаалалт болон гамшгийн менежментийн салбаруудад ашиглан Монгол Улсад хэрэгжүүлж шийдэл гаргах боломжтой гэж үзэж байна.
Тухайлбал: Хотын ногоон байгууламжийг зөвхөн хиймэл дагуулын зургаас гадна LiDAR ба хүний түвшний өгөгдөлтэй хослуулснаар илүү нарийвчлалтай үнэлж болох ба аль хэсэгт илүү ногоон орчин хүртээмжтэй, аль хэсэгт дутмаг байгааг илрүүлж ногоон байгууламжийн хүртээмжийг сайжруулах, шинэ ногоон бүс төлөвлөх.
1. Дэлхийн дулаарлаас үүдэн хэт халалт, аадар борооны давтагдал нэмэгдэж байгаа тул ногоон болон саарал байгууламжийн тархцыг гарган авч, прогнозлон, ногоон байгууламжийн тархалтыг нэмэгдүүлснээр хэт халалттай холбоотой эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, эмзэг бүлгийг хамгаалах юм.
2. AI ашиглаж хурдан хугацаанд барилга байгууламжийн өөрчлөлтийг гарган авснаар хууль бус барилгыг илрүүлэн хянах.
3. Газар тариалангийн бүс нутагт NDVI (ногоон байгууламжийн бүрхэц) ба олон хугацааны зургуудыг ашиглан улаан буудайг бусад ургамлаас ялгаж, тархцыг үнэн зөв тодорхойлж, тариалалтын талбайг тооцох. Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт чухал нөлөө үзүүлнэ.