Гадаадад албан томилолтоор ажилласан тухай мэдээлэл
“Хиймэл оюун ухаан хосолсон эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” сургалтад оролцсон тухай товч тайлан
2025 оны 6 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод БНХАУ-ын Цаг уурын газраас зохион байгуулсан “Хиймэл оюун ухааны тусламжтай эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд” сургалтад ЦУОШГ-ын харьяа УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-ийн дарга Ц.Бат-Оюун амжилттай оролцсон бөгөөд тус сургалт нь хиймэл оюун ухааныг ашиглан төрөл бүрийн гамшгаас эрт сэрэмжлүүлэх чиглэлээр боловсон хүчнийг чадавхжуулах, багаж хэрэгсэл, программ хангамжийг ашиглах ур чадвараа дээшлүүлэх үндсэн зорилготой байв.
Сургалтын явцад оролцогчид өөрийн оронд авч хэрэгжүүлж буй эртнээс сэрэмжлүүлэх систем, цаашдын хэрэгцээ шаардлагыг 10 минутад илтгэн хэлэлцүүлсэн бөгөөд өөрийн орны хувьд хиймэл оюун ухаантай холбоотой санал хүсэлтээ хүргүүлж энэ чиглэлээр боловсон хүчнийг 1 сараас доошгүй хугацаанд сургах, манай орон шиг хуурай, хүйтэн бүс нутагт дунд болон урт хугацааны урьдчилсан мэдээг өндөр нарийвчлалтай гаргах, үүнд хиймэл оюунд суурилсан загварыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа талаар саналаа өгсөн.
Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт үзэгдлийн давтамж, эрчимшил, хамрах хүрээ улам бүр нэмэгдэж байгаа нь эрт сэрэмжлүүлгийн системийг сайжруулах, ялангуяа нөлөөлөлд суурилсан эрт сэрэмжлүүлгийн системд шилжих шаардлагатай болохыг харуулж байна. Иймд энэхүү сургалтанд хамрагдсанаар хөдөө аж ахуйн салбарт эртнээс сэрэмжлүүлэх болон хиймэл оюун ухааныг хамтатган ашиглах шинэлэг арга, технологи боломжуудын талаар бусад орноос туршлага судалж өөрийн оронд ухаалаг хөдөө аж ахуйг эрхлэхэд чиглэн цаг агаарын тааламжгүй нөхцлийг эртнээс оновчтой цаг хугацаанд сэрэмжлүүлэх, цаг агаарын тааламжтай нөхцлийг бүрэн дүүрэн ашиглах боломжууд нээгдэж байна.