ДЦУБ болон бүсийн төвүүдийн мэдээлэл
Дэлхийн цаг уурын байгууллага
ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА (ДЦУБ)
Дэлхийн цаг уурын байгууллага (World Meteorological Organization, WMO – ДЦУБ) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлаг бөгөөд дэлхий нийтийн хэмжээнд агаар мандал, цаг агаар, уур амьсгал, усны нөөц, ус судлал, орчны ажиглалт, мэдээлэл солилцоо, стандарт, аргачлалыг зохицуулан хөгжүүлэх үндсэн үүрэгтэй олон улсын байгууллага юм.
ДЦУБ нь 193 гишүүнтэй (2025 оны байдлаар) бөгөөд үүнд 187 гишүүн улс, 6 гишүүн нутаг дэвсгэр багтдаг. Тус байгууллага нь 1873 онд “Олон улсын цаг уурын байгууллага” (International Meteorological Organization) нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 1950 онд Дэлхийн цаг уурын байгууллага болон шинэчлэн байгуулагдсан бөгөөд 1951 онд НҮБ-ын цаг уур (цаг агаар, уур амьсгал), ус судлал, холбогдох геофизикийн шинжлэх ухааны асуудал хариуцсан төрөлжсөн агентлаг болсон түүхтэй.
Цаг агаар, уур амьсгал, усны нөөцтэй холбоотой үзэгдэл, процессууд нь улсын хил хязгаараар хязгаарлагддаггүй тул эдгээр салбарыг хөгжүүлэхэд олон улсын нягт хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байдаг.
ДЦУБ байгуулагдсанаасаа хойш хүн төрөлхтний аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Тус байгууллагын хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгын хүрээнд гишүүн орнуудын Үндэсний цаг уур, ус судлалын асуудал эрхэлсэн байгууллагууд байгалийн аюултай, гамшигт үзэгдлээс хүний амь нас, эд хөрөнгийг хамгаалах, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүнсний аюулгүй байдал, усны нөөцийн зохистой ашиглалт, тээвэр, дэд бүтэц зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбаруудын тогтвортой байдлыг хангахад бодитой хувь нэмэр оруулж байна.
ДЦУБ нь цаг уур, уур амьсгал судлал, ус судлал, геофизикийн ажиглалтын сүлжээг хөгжүүлэх, мэдээлэл солилцох, боловсруулах, стандартчилах, орчин үеийн технологи, туршлага солилцох, сургалт, судалгаа зохион байгуулах дэлхийн болон бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжин ажилладаг. Мөн гишүүн орнуудын үндэсний байгууллагуудын хооронд цаг уурын мэдээлэл, үйлчилгээг олон нийтийн цаг агаарын үйлчилгээ, хөдөө аж ахуй, нисэх, авто болон ачаа тээвэр, хүрээлэн буй орчин, усны нөөцийн менежмент, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр үр ашигтай ашиглахад дэмжлэг үзүүлдэг.
ДЦУБ нь бодит хугацааны болон богино, дунд, урт хугацааны урьдчилсан мэдээ, мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээг гишүүн орнуудын хооронд солилцох тогтолцоог бүрдүүлснээр нийгэм, эдийн засгийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчныг хамгаалах, үндэсний болон олон улсын бодлого боловсруулахад чухал хувь нэмэр оруулж байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн ойролцоогоор 90 хувь нь цаг агаар, уур амьсгал, уснаас үүдэлтэй байдаг бөгөөд эдгээр аюулын үед ДЦУБ-ын хүрээнд хэрэгжүүлдэг эрт сэрэмжлүүлгийн систем, урьдчилсан мэдээ нь хүний амь насыг аврах, эд хөрөнгө, хүрээлэн буй орчинд учрах хохирлыг бууруулахад онцгой ач холбогдолтой юм. Үүнээс гадна химийн болон цөмийн осол, ойн түймэр, галт уулын үнс зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй аюулт үзэгдлийн нөлөөллийг бууруулахад ДЦУБ чухал үүрэг гүйцэтгэдэг.
ДЦУБ нь өөрийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээр дамжуулан байгаль орчны мониторинг, хамгааллын чиглэлээрх олон улсын хүчин чармайлтад тэргүүлэх үүрэгтэй оролцож, НҮБ-ын бусад агентлагууд болон гишүүн орнуудын холбогдох байгууллагуудтай хамтран байгаль орчинтой холбоотой олон улсын конвенц, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, засгийн газруудад шинжлэх ухаанд суурилсан зөвлөгөө, үнэлгээ өгч ажилладаг.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Олон талт хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн С. Жавзмаа
Өрөөний дугаар: 604
email: javzmaa@namem.gov.mn