Хоёр талт хамтын ажиллагаа
Бүгд Найрамдах Солонгос Улс
БНСУ-ын Цаг уурын газартай 2003 оноос эхлэн хоёр талын хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж хоёр жилд нэг удаа уулзалт зохион байгуулдаг. БНСУ-ын Цаг уурын газартай хэрэглээний цаг уур, цаг уурын тоон прогноз, шар шороон шуурга, уур амьсгалын өөрчлөлт, нислэгийн цаг уур, сансрын цаг уур, цаг агаарын гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.
![[2025-05-20]11th meeting (6)](/uploads/content/Solongo/%5B2025-05-20%5D11th%20meeting%20(6).jpg)
Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газрын (ЦУОШГ) дарга ноён Эрхэмбаярын БАТТУЛГА тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 5 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос улсын Цаг уурын газрын (KMA) дарга доктор ЧАН Дон-Ён-ий урилгаар Сөүл хотод айлчилж, 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус байгууллагын төв байранд болсон Цаг уурын хамтын ажиллагааны хоёр талт 11 дүгээр уулзалтад оролцлоо.
Хоёр тал 10 дугаар уулзалтаар тохиролцсон хамтын ажиллагааны ихэнх арга хэмжээ амжилттай хэрэгжсэнийг сэтгэл хангалуун хүлээн зөвшөөрөв. Талууд одоогоор үргэлжилж буй хамтын ажиллагааны хүрээнд өмнөх уулзалтаар хэлэлцсэн сэдвийг энэ удаагийн уулзалтын хэлэлцэх асуудалд оруулан үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болов.
Талууд 11 дүгээр уулзалтын дараагаар хэрэгжүүлэх хамтын ажиллагааны шинэ чиглэл, арга хэмжээний талаар хэлэлцэв. БНСУ-ын Цаг уурын газраас шар шороон шуурганы хамтарсан мониторинг, цаг агаарын тоон прогноз, цаг агаарт зориудаар нөлөөлөх сэдвүүдийн талаар танилцуулсан бол ЦУОШГ нь урт хугацааны прогноз (урьдчилсан төлөв), цаг агаарт зориудаар нөлөөлөх одоогийн болон ирээдүйн чиглэлүүдийн талаар илтгэл хэлэлцүүлэв.
Мөн хоёр тал эрт сэрэмжлүүлгийн систем, хиймэл оюун ухааныг цаг уурт ашиглах талаар хийж буй үйл ажиллагаануудаа танилцуулж, энэ чиглэлээр харилцан сонирхолтой мэдээлэл солилцов. БНСУ-ын Цаг уурын газраас Cell Broadcast Service (CBS), хиймэл оюун/машин сургалтын (AI/ML) хөгжүүлэлт болон Солонгосын нэгдсэн загвар (KIM)-ын талаарх мэдээллийг танилцуулсан юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn