Хоёр талт хамтын ажиллагаа
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
БНХАУ-ын Цаг уурын газартай 1989 оноос эхлэн хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байгаа ба 2 жил тутамд гэрээний хэрэгжилтийг дүгнэж цаашдын хамтын ажиллагааны зорилтоо тодорхойлдог. БНХАУ-ын Цаг уурынгазартай шар шороон шуурганы судалгаа, мониторинг, цаг уурын харилцаа холбоо, хөдөө аж ахуйн цаг уур, уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарт зориудаар нөлөөлөх, цаг уурын хэмжил зүй зэрэг салбаруудад хамтран ажиллаж ирсэн бөгөөд уг уулзалтаар хамтын ажиллагаагаа өргөтгөн хиймэл дагуулын цаг уур, цаг агаарын тоон прогноз, уур амьсгалын өөрчлөлт, дээд давхаргын агаар мандлын ажиглалтын чиглэлээр мэргэжилтэн сургах, тоног төхөөрөмж нийлүүлэх, судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар тогтож, протоколд тусган хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цаг уурын газрын орлогч дарга ноён СОН Шаньюнь тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 10 дугаар сарын 15–18-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж, Цаг уурын шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай ЦУОШГ ба БНХАУ-ын Цаг уурын газрын хооронд байгуулагдсан Хамтарсан ажлын хэсгийн арван наймдугаар уулзалтын (ХАХУ-18) үйл ажиллагаанд оролцлоо.
Хэлэлцүүлгийн дараа хоёр тал ирэх хоёр жилийн хугацаанд дараах чиглэлүүдээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд: цаг уурын эрт сэрэмжлүүлэх систем, шороон шуурганы хяналт ба сэрэмжлүүлэг, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа, хиймэл дагуулын мэдээний ашиглалт, цаг уурын ажиглалт ба багаж хэрэгсэл, урт хугацааны прогноз ба судалгаа, цаг уурын мэдээллийн технологи, цаг уурын боловсрол ба сургалт, цаг уурын санхүүгийн механизм зэрэг чиглэлүүд багтана.
Мөн Хятадын цаг уурын газрын төлөөлөгчид БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн төслийн хүрээнд Монгол Улсын Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-т дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Хоёр тал хамтран Монгол Улсад тээвэрлэн оруулж буй цаг уурын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тарифыг бууруулах эсвэл чөлөөлөхөд дэмжлэг үзүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн А.Солонго
Өрөөний дугаар: 604
email: solongoa@namem.gov.mn