Хоёр талт хамтын ажиллагаа
Бусад

ЦУОШГ нь Тайландын Хаант Улсын “Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар”-тай 2021 оны 9 дүгээр сард ган, цөлжилтийг бууруулах, хөрсний чийгийг сайжруулах, хоёр орны тогтвортой хөгжлийг дэмжих, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх, мэдлэг, туршлага солилцох, чадавхыг бэхжүүлэх, түншлэлийг хөгжүүлэх талаар техникийн хамтын үйл ажиллагааны хөтөлбөр баталж, гарын үсэг зурсан байдаг.
Хамтын ажиллагааны хүрээнд Тайландын талаас нөлөөлөх ажиллагааны нэгэн төрөл болох газрын суурин генераторын патентын зураг, мэдээллийг үнэ төлбөргүй ашиглуулахаар ирүүлээд байна.
Газрын суурин генератор нь урвалж бодисыг агаарын босоо урсгалаар дамжуулан үүлэнд утаа хэлбэрээр хүргэх зарчмаар ажилладаг. Ингэснээр урвалж нь үүлний жижиг усан дуслыг өөртөө нэгтгэн томруулж, хур тунадас болгон оруулах юм. Хаврын улиралд угтвар чийгийг нэмэгдүүлэх, ган гачигтай үед хур тунадсыг зардал багатай, тогтмол нэмэгдүүлэх боломжийг олгоно. Зардлын хувьд Тайланддаа 600,000 BHT буюу 18,500 орчим ам.доллараар босгодог аж.
Аймаг, сумд өөрсдийн нутаг дэвсгэрийн онцлог, хэрэгцээг харгалзан уг газрын суурин генераторыг суурилуулах тохиолдолд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс ажлын зураг, судалгаа, арга зүйн туслалцаа үзүүлнэ.