Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ЦАГ УУРЫН ШИНЖЛЭХ УХААНЫГ ХҮҮХЭД БАГАЧУУДАД ТҮГЭЭХ ТАНИН МЭДЭХҮЙН ВЭБ САЙТ НЭЭЛЭЭ
Цаг агаар, уур амьсгалын шинжлэх ухааны мэдлэгийг хүүхэд, багачууд болон өсвөр үеийнхэнд ойлгомжтой, сонирхолтой, хүртээмжтэй хүргэх зорилготой танин мэдэхүйн шинэ веб сайт нээгдлээ.
Тус веб сайт нь хүүхэд багачуудын шинжлэх ухаанд суралцах сонирхлыг нэмэгдүүлэх, байгаль дэлхий, цаг агаарын үзэгдлийн учир шалтгааныг танин мэдүүлэх, цаг уурын шинжлэх ухааны талаарх мэдлэг, ойлголтыг бага наснаас нь төлөвшүүлэхэд чиглэж байна.
Түүнчлэн хүүхдүүд Цаг агаар, уур амьсгалын ялгаа, үүл хэрхэн үүсдэг, бороо цас яагаад ордог, салхи хаанаас бий болдог, аянга цахилгаан, мөндөр хэрхэн үүсдэг зэрэг өдөр тутмын амьдралд тохиолддог цаг агаарын сонирхолтой үзэгдлийн талаар мэдлэг олж авах боломжтой.
Мөн цаг уурчид цаг агаарын ажиглалт хэрхэн хийдэг, хиймэл дагуул, цаг уурын радар, автомат станц болон орчин үеийн технологийн тусламжтайгаар цаг агаарын урьдчилсан мэдээг хэрхэн боловсруулан гаргадаг талаар хүүхдэд ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан нь сайтын онцлог юм.
Үүнээс гадна танин мэдэхүйн нийтлэл, комик, Цаг агаар миний нүдээр хүүхдүүдийн гар зургийн бүтээлүүд, эвлүүлдэг тоглоом зэрэг агуулгаар дамжуулан хүүхдүүд цаг агаарын шинжлэх ухааныг хөгжилтэй байдлаар судалж, бие даан суралцах боломж бүрдэж байна.
Эрхэм дүү нар энэхүү сайтаар зочлоорой.