Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР, КАЗАХСТАН УЛСЫН «КАЗГИДРОМЕТ» ЦАГ УУРЫН АЛБАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭ ХЭЛЭЛЦЛЭЭ
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал (COP31) Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо үргэлжилж байна. Хурлын үеэр 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын Уур амьсгалын өөрчлөлт, орчны шинжилгээний хэлтсийн дарга, доктор Ш.Цэрэндулам Бүгд Найрамдах Казахстан Улсын «Казгидромет» цаг уурын албаны дарга Данара Алимбаеватай уулзаж, хоёр байгууллагын хооронд хамтын ажиллагаа эхлүүлэх, санамж бичиг байгуулах асуудлаар санал солилцлоо.
Энэхүү уулзалт нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын цаг уурын албадын хооронд шууд хамтын ажиллагаа тогтоох чухал алхам болж байна. Талууд байгууллагынхаа үйл ажиллагаа, тэргүүлэх зорилтыг харилцан танилцуулж, хамтран ажиллах боломж, эхний ээлжинд анхаарах чиглэлээ тодорхойллоо.
Тухайлбал, цаг уур, ус судлалын мэдээ, мэдээлэл солилцох, цаг агаарын урьдчилсан мэдээний арга зүйг боловсронгуй болгох, уур амьсгалын судалгаа хамтран хийх, туршлага, орчин үеийн технологи харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллах боломжтойг талууд онцлов. Мөн өндөр уулын судалгааг хамтран хийх, нислэгт аюултай цаг агаарын үзэгдлийн мэдээ (SIGMET) харилцан солилцох талаар ярилцлаа.
Хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх зорилгоор хоёр байгууллага Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах юм. Уг санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах, үүнд «Казгидромет» цаг уурын албаны төлөөлөгчдийг урих талаар талууд санал солилцлоо.
COP31-ийн үеэр болсон энэхүү уулзалт нь хоёр орны цаг уурын албадын шинэ түншлэлийн эхлэлийг тавьж, бүс нутгийн хэмжээнд ус цаг уур, уур амьсгалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
