ЦАГ УУРЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ, “MAZU-Urban” СИСТЕМИЙН АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2026.11.12 16:46
10
БНХАУ-ын Цаг уурын алба, Шанхайн Цаг уурын албаны төлөөлөгчид 2026 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллаж, “MAZU-Urban” системийн ашиглалт, үйл ажиллагааг сайжруулах болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар “MAZU-Urban” системийг тусгайлан хөгжүүлсэн платформд үе шаттайгаар нэгтгэх, системийн ашиглалт, үйл ажиллагааг тогтвортой хангах чиглэлээр дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцов.
Үүнд:
-“MAZU-Urban” системтэй холбоотой үйл ажиллагаа, мэдээлэл солилцоо, цаашдын хүсэлт, шаардлагыг нэгдсэн платформоор дамжуулан шийдвэрлэх бөгөөд Цаг уур, орчны шинжилгээний газраас хариуцсан мэргэжилтнүүдийг томилж, байнгын харилцаа холбоотой ажиллана.
-Платформын тохиргоо, хөгжүүлэлт болон санал хүсэлтийг хариуцан ажиллах 1–2 синоптик инженерийг нэн даруй томилно.
-Талууд цаг алдалгүй санал солилцох, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зөвлөлдөх механизмыг бүрдүүлнэ.
-Шанхайн Цаг уурын алба одоо ашиглаж буй серверийн хүчин чадалд тулгуурлан Улаанбаатар хотын онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлнэ.
Мөн уулзалтын үеэр Шанхайн талаас Цаг уур, орчны шинжилгээний газрын даргыг 2027 оны нэгдүгээр сард Шанхай хотноо зохион байгуулагдах Дэлхийн цаг уурын байгууллагын II бүсийн Удирдах зөвлөлийн хуралд, тус газрын албан хаагчдыг 2027 оны долоодугаар сард болох “MAZU” системийн хэрэглэгчдийн бага хуралд оролцохыг урьсан юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчдад зориулан хиймэл оюун ухаан (AI)-ны чиглэлээр сургалт зохион байгуулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь “MAZU-Urban” системийн ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол, Хятадын цаг уурын байгууллагуудын мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох чухал ач холбогдолтой боллоо.
Хуваалцах :