Мэдээ мэдээлэл
МОНГОЛ УЛС УС НАМГАРХАГ ГАЗРЫН ХАМГААЛАЛТАД ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТЫН МЭДЭЭ АШИГЛАХ АЧ ХОЛБОГДЛЫГ ОНЦЛОВ
Бүгд Найрамдах Армени Улсын Ереван хотноо зохион байгуулагдаж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (CBD COP17)-ын хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 24-ний өдөр “Ус ба биологийн олон янз байдлын өдөр” (Water and Biodiversity Day) арга хэмжээ боллоо.
Энэ үеэр “Усны экосистемийг хамгаалахад мониторинг, төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулах нь” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, Монгол Улсыг төлөөлөн Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга оролцов.
Хэлэлцүүлэгт ЮНЕСКО, Европын сансрын агентлаг (ESA), Өмнөд Африкийн Үндэсний биологийн олон янз байдлын хүрээлэн, Зүүн Ази–Австралазийн нүүдлийн шувуудын замналын судалгааны байгууллага, уугуул иргэдийн төлөөлөл оролцож, Дэлхийн байгаль хамгаалах сангийн (WWF) Усны бодлогын асуудал хариуцсан зөвлөх Кристин Колвин хэлэлцүүлгийг чиглүүлэн явуулав.
Хэлэлцүүлгээр ус, намгархаг газрын экосистемийн доройтлыг бууруулах, сэргээн хамгаалах, олон жилийн ажиглалт, судалгаа, хиймэл дагуулын мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглах, улс орнуудын технологи, санхүүжилтийн боломжийн ялгааг багасгах болон байгаль хамгааллын арга хэмжээний бодит үр дүнг үнэлэх асуудлыг хөндлөө.
Монголын төлөөлөгч Э.Баттулга ус, цаг уур, байгаль орчны ажиглалт, мониторингийн нэгдсэн тогтолцоог усны экосистемийг хамгаалах бодлого, шийдвэр гаргалттай холбох боломжийг онцолж, цаг уурын байгууллагуудын тухайлбал Монгол Улсын энэ чиглэлийн техникийн болон институцийн чадавхыг танилцуулав. Мөн ус намгархаг газрыг хамгаалахад улс орнуудын дунд мэдээлэл, технологи, арга зүй нээлттэй солилцох тогтолцоо дутагдалтай байгааг онцолж, CBD СОР17-оос гарах шийдвэрийн төсөлд тусгах саналыг дэвшүүлэв.


