Мэдээ мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИУДАД НЭГДСЭН ТОГТОЛЦООНЫ ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА
Цаг уур, орчны шинжилгээний салбарын байгаль орчны шинжилгээний лабораториудыг нэгдсэн тогтолцооны итгэмжлэлд хамруулах, сорилт шинжилгээний итгэмжлэлийн хүрээг өргөтгөж, тодорхойлох үзүүлэлтүүдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор итгэмжлэлийн давтан үнэлгээг 2026 оны 10 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Үндэсний итгэмжлэлийн төвөөс MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд итгэмжлэлийн газар дээрх үнэлгээг лабораториудын үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлын байрны орчин нөхцөл, тоног төхөөрөмжийн хангамж, хүний нөөц, ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, сорилт шинжилгээний арга аргачлалын хэрэгжилт болон чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд хийж байна.
Нэгдсэн тогтолцооны итгэмжлэлд хамрагдаж, итгэмжлэлийн хүрээг өргөтгөснөөр байгаль орчны шинжилгээний лабораториудын техникийн чадавхыг бэхжүүлэх, сорилт шинжилгээний нэр төрөл, тодорхойлох үзүүлэлтийн тоог нэмэгдүүлэх, шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, найдвартай байдлыг хангах, салбарын хэмжээнд чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй сайжруулах ач холбогдолтой юм.