Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГА /WORLD METEOROLOGICAL ORGANIZATION/-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д оролцож буй Дэлхийн Цаг уурын байгууллага World Meteorological Organization-ын төлөөлөгчдийг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монголын талаас
а) цаг уурын станц, харуулуудыг орчин үеийн автомат ажиглалтын системээр үе шаттай шинэчилж, ажиглалтын мэдээний үнэн зөв, тасралтгүй байдлыг хангах;
б) аюултай үзэгдэл, хур тунадасыг хэт богино хугацаагаар урьдчилан мэдээлэх (nowcasting) чадавхыг сайжруулах зорилгоор радарын хамрах хүрээг нэмэгдүүлэх;
в) цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааны арга технологи, багаж хэрэгсэл, үр дүнг үнэлэх аргачлалыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, шинэчлэх;
г) агаар мандлын дээд давхаргын (аэрологийн) ажиглалтыг өргөжүүлэх – тоон загварчлалын нарийвчлалыг дээшлүүлэхэд шаардлагатай өгөгдлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх;
д) малчид, тариаланчдад чиглэсэн хөдөө аж ахуйн цаг уурын мэдээ, зөвлөмжийн үйлчилгээг хөгжүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэх, дэмжлэг авах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.