Мэдээ мэдээлэл
ЭМГЭНЭЛ
ЗАМБЫН БАТЖАРГАЛ
(1945–2026)
Монгол Улсын Төрийн шагналт, Байгаль орчны гавьяат ажилтан, төр нийгмийн зүтгэлтэн, доктор Замбын Батжаргал 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгсөж, Монголын ус цаг уур, байгаль орчны салбарт хүнд гарз тохиолоо.
З.Батжаргал нь 1945 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. 1964–1969 онд ЗХУ-ын Ленинград хотын Ус цаг уурын дээд сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, улмаар тоо-физикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан эрдэмтэн байлаа.
З.Батжаргал ажлын гараагаа Ус цаг уурын хүрээлэнгээс эхэлж техникч, мэргэжилтэн, хэлтсийн дарга, төвийн захирал, хүрээлэнгийн орлогч захирлаар 1969–1982 хооронд ажиллаж байв. Тэрээр Ус цаг уурын албаныг Удирдах газрын орлогч дарга, нэгдүгээр орлогч даргаар 1982–1987 онд, Байгаль хамгаалах яамны Мэдээлэл тооцооллын төвийн захирлаар 1987-1988 онд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдаар 1990–1996 онд, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын даргаар 1996–2001 онд, Монгол Улсаас Япон Улсад суух Элчин сайдаар 2001-2005 онд ажиллаж байв.
З.Батжаргал нь 1994-1996 онд Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, 1996-1998 онд ерөнхийлөгчөөр тус тус сонгогдон ажиллаж байсан. 2005-2011 онд Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас НҮБ болон Хойд Америк дахь олон улсын байгууллагад суугаа төлөөлөгч, Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Нью-Йорк дахь салбарын зөвлөх, түүнчлэн Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, 2000 онд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын Ерөнхийлөгч, 2000-2002 онд тус бага хурлын удирдах товчооны гишүүнээр ажиллаж, Монголын төдийгүй дэлхий дахины уур амьсгал, цаг уур, байгаль орчны салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд онцгой хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүн байлаа. З.Батжаргалын эх орон, ард түмэн, байгаль орчин, шинжлэх ухааны хөгжилд зориулсан олон жилийн хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цол олгосон юм.
Тэрээр мөн Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль хамгаалал, байгалийн шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан “Тахь адууг сэргээн нутагшуулж, зэрлэгшүүлсэн ажил” сэдэвт бүтээлээрээ багийн гишүүдийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2025 онд Төрийн шагнал хүртсэн билээ.
Эрдэмтэн, судлаачийн хувьд З.Батжаргал нь ус цаг уурын салбарт цаг агаарыг прогнозлох үйл ажиллагааг объектив болгох анхны алхам болон тоон анализ, прогнозын 5-7 түвшний квазигеостраф гидродинамик загварыг сайжруулж үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Тэрээр 3 иж бүрдэл перфоратор, 1 табулятортой машинт тооцооллын хэлтсийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж даргаар нь ажиллаж байв. Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт залуу үеийг бэлтгэх, шинжлэх ухаан, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ гадаад, дотоодод цаг агаарын тоон загварчлал, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, ном бүтээлийг туурвин нийтлүүлсэн юм.
Талийгаач Замбын Батжаргал эрдэм мэдлэгээ эх орныхоо хөгжилд зориулсан зарчимч, хөдөлмөрч, эгэл даруу нэгэн байлаа. Түүний гэгээн дүр, хөдөлмөр зүтгэл нь бидний сэтгэлд үүрд дурсагдан үлдэнэ.
Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР,
УС ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН
ХАМТ ОЛОН
2026.08.07