ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Э. БАТТУЛГА ФРАНЦ УЛСЫН ҮНДЭСНИЙ ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨСЛИЙН ЗАХИРАЛ, МЭРГЭЖИЛТЭН НОЁН КРИСТОП ПЕРАРДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2026.06.18 09:25
22
Франц улсын Үндэсний цаг уурын албаны олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох Франц улсын Үндэсний цаг уурын байгууллагын төслийн захирал, мэргэжилтэн ноён Кристоп Перард болон Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулгатай уулзаж, Монгол Улс болон Франц Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 2026-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “Монгол Улсад цөлжилттэй тэмцэх” төслийн талаар санал солилцож, төслийн урьдчилсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уулзалтын үеэр ЦУОШГ-ын дарга Э.Баттулга Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж, ган, цөлжилт, усны нөөцийн хомсдол, цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд цаг уурын урьдчилан мэдээлэх болон эрт сэрэмжлүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь үндэсний хэмжээний тэргүүлэх зорилтын нэг болоод байгааг онцлон тэмдэглэв.
Талууд төслийн хүрээнд 2026-2028 онд хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа, хамтын ажиллагааны чиглэл, хэрэгжилтийн үе шат, техникийн дэмжлэг болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх асуудлаар санал солилцож, төслийн бэлтгэл ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тохиролцов.
Уг төсөл амжилттай хэрэгжсэнээр Цаг уур, орчны шинжилгээний салбарын урьдчилан мэдээлэх чадавх нэмэгдэж, цаг агаарын урьдчилсан мэдээний чанар, нарийвчлал сайжрахын зэрэгцээ байгалийн аюулт үзэгдлийн үед богино хугацаанд шуурхай, найдвартай эрт сэрэмжлүүлэх мэдээллийг иргэд болон холбогдох байгууллагуудад хүргэх боломж улам бүр өргөжих юм.
Хуваалцах :