Мэдээ мэдээлэл
УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ
Цаг уур, орчны шинжилгээний газар /ЦУОШГ/-ын дарга Э.Баттулга тэргүүтэй албаны төлөөлөгчид Уур амьсгалын ногоон сангийн Гадаад харилцаа эрхэлсэн захирал С.Оюун болон Эрт сэрэмжлүүлгийн систем, Африкийн бүсийг хариуцсан зохицуулагч Жосеф Инсифүл, Ази Номхон далайн бүс хариуцсан зохицуулагч Годпрей Олука нартай 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Уур амьсгалын ногоон санд зочилж, уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр ЦУОШГ-ын дарга Э.Баттулга цаг агаарын гаралтай аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буйг онцолж, НҮБ-аас дэвшүүлсэн “Эрт сэрэмжлүүлгийг иргэн бүрд” санаачилгын хүрээнд олон улсын байгууллагууд улс орнуудын ус, цаг уурын ажиглалтын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.
Мөн тус газраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран 2025 оны 8 дугаар сард цаг уурын салбарын эрт сэрэмжлүүлгийн төслийн үзэл баримтлалыг Уур амьсгалын ногоон санд хүргүүлсэн талаар танилцуулж, уг төслийг шуурхай шийдвэрлэхэд Гадаад харилцаа эрхэлсэн захирал болон холбогдох албаны хүмүүсээс дэмжлэг хүсэв.