Мэдээ мэдээлэл
АЖИЛ, МЭРГЭЖИЛ СУРТАЛЧИЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дэлхийн болон Монголын цаг уурын өдрийг тохиолдуулан ус, цаг уур, орчны шинжилгээний салбарыг сурталчлах, мэргэжлийн онцлог, ач холбогдлыг таниулах зорилгоор “Ажил, мэргэжил сурталчлах өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгт МУИС, МУБИС, ШУТИС-ийн Байгалийн ухааны сургуулийн ус, цаг уур, экологи, газарзүйн чиглэлээр суралцаж буй 70 гаруй оюутан оролцож, салбарын үйл ажиллагаатай танилцав. Өдөрлөгийн хүрээнд оюутнуудад дараах сэдвүүдээр танилцуулга, мэдээлэл хүргэлээ. Үүнд:
Монголын ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын үйл ажиллагаа
-Олон улсын хамтын ажиллагаа, цаашдын боломжууд
-Цаг агаарын урьдчилсан мэдээ боловсруулах үйл явц
-Суперкомпьютер ба түүний хэрэглээ
-Монгол орны гадаргын усны ажиглалтын сүлжээ
-Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн үйл ажиллагаа
-Нислэгийн үйлчилгээнд цаг агаарын мэдээгээр үйлчлэх талаар
-Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны чиглэл зэрэг болно.
Мөн Монгол оронд цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Цаг уурын мини музей”-г оюутнуудад үзүүлж сонирхууллаа.
Өдөрлөгийн үеэр оролцогчид нээлттэй ярилцлага өрнүүлж, цаг агаарын мэдээний нийгмийн ач холбогдол, мэргэжлээрээ ажиллах боломж, салбар хоорондын уялдаа холбооны талаар бодит ойлголт, мэдлэгийг олж авсан юм.
Түүнчлэн Баян-зүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн Э.Мөнхцэцэг багштай 4 дүгээр ангийн сурагчдад байгаль орчноо хайрлан хамгаалах, цаг агаарын мэдээг хэрэглэж сурах, байгальд ээлтэй амьдрах, усаа хайрлах зэрэг сэдвээр сургалт орсон.
Энэхүү арга хэмжээнд оюутан, сурагчдаа идэвхтэй оролцуулж, салбарын үйл ажиллагаатай танилцах боломж олгосон БЗД-ийн 14 дүгээр сургууль, ШУТИС-ийн багш нар болон МУИС, МУБИС-ийн Байгалийн ухааны сургуулийн удирдлагад талархал илэрхийлье.

