ПИРОТЕХНИКИЙН НӨХЦӨЛД АЖИЛЛАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.03.17 12:20
27

Цаг уур, орчны шинжилгээний газар – Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Геологи, уул уурхайн сургуулийн дэргэдэх Тэсэлгээний сургалт, судалгааны төвд “Пиротехникийн нөхцөлд тэсрэх бодис, тэсрэх материалтай харьцах ажилтан” бэлтгэх, эрх олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад 21 аймаг болон Улаанбаатар хот орчимд Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулдаг экспедицүүдийн баг бүрэлдэхүүн болон холбогдох нэгжийн нийт 30 албан хаагч хамрагдаж, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих, тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны зааварчилгаа, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн тээвэрлэлтийн үед мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгаа, тэсрэх бодис, тэсрэх материалтай аюулгүй харьцах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэн, эрхийн үнэмлэх авах шалгалтад амжилттай тэнцлээ.

Сургалтын үеэр Хан-Уул дүүргийн Улаан Загалмайн Нийгэмлэгээс “Анхны тусламжийн суурь сургалт” зохион байгуулж, оролцогч албан хаагчид анхны тусламж үзүүлэх онол, дадлагын сургалтад хамрагдан анхны тусламж үзүүлэгчийн гэрчилгээ гардан авлаа.

Энэхүү сургалт нь цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд оролцогч мэргэжилтнүүдийн аюулгүй ажиллагаа, мэдлэг чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Хуваалцах :