Мэдээ мэдээлэл
ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ПРОФЕССОР СЭЛЭСТЭ САУЛОГИЙН 2026 ОНЫ ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН ӨДӨРТ ЗОРИУЛСАН ИЛГЭЭЛТ
Эрхэм гишүүд, хамт олон, найз нөхөд өө,
Дэлхийн цаг уурын өдрийн мэнд хүргэе.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон улсын өдрүүд олон бий. Тэгвэл Дэлхийн цаг уурын өдрийг яагаад чухалчилж байна вэ?
Учир нь өнөөдөр бид Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-ын хамтын нийгэмлэг болон хүний амь насыг аварч, нийгэмд үйлчилж буй түүний үүргийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
Бидний түгээмэл нэг асуулт бол: “Цаг агаар ямар байх вэ?”
Хүмүүс гар утас, телевизээсээ хариултыг нь шууд авах боломжтой энгийн зүйл мэт хүлээн авдаг. Гэвч урьдчилсан мэдээ бүрийн цаана ДЦУБ-ын уялдуулсан дэлхийн өвөрмөц сүлжээгээр боловсруулагддаг сая сая ажиглалт, хэмжилт бий.
ДЦУБ-ын дэлхийн ажиглалтын тогтолцоо нь нислэгийн чиглүүлэлтээс үерийн хамгаалалт хүртэл, эрчим хүчний төлөвлөлтөөс эрүүл мэндийн менежмент хүртэл, тариалалт эхлэх хугацаанаас дэд бүтцийн хөрөнгө оруулалт хүртэл тэрбум тэрбумын үнэ цэнтэй шийдвэрүүдийн үндэс суурь болдог. Энэ тогтолцоо нь олон мянган хүний амь насыг авардаг урьдчилсан мэдээ, эрт сэрэмжлүүлгийг бий болгодог. Тиймээс энэ жилийн Дэлхийн цаг уурын өдрийн уриа болох “Өнөөдрийг ажиглаж, Маргаашийг хамгаалъя” сэдэвт миний хувьд туйлын баяртай байна.
Учир нь бид өнөөдөр ажиглалт хийснээр зөвхөн цаг агаарыг урьдчилан мэдээллээд зогсохгүй маргаашийг хамгаалж байдаг.
Маргаашийн хүмүүсийг.
Маргаашийн дэлхийг.
Иймээс өнөөдрийн залуу үе онцгой чухал.
Тэд бол ирээдүйн хамгаалагчид юм.
Бидэнд та бүхний эрч хүч, санаачилга, ур чадвар хэрэгтэй.
Ажлын хамт олон, найз нөхөд өө,
Бид асар их технологийн дэвшлийн эрин үед амьдарч байна.
Гэвч бид тэгш боломжийг хангаж, хэнийг ч орхигдуулахгүй байх ёстой.
Бид өгөгдөл, ажиглалтын цоорхойг нөхөх ёстой.
Мөн Хиймэл оюун ухаан (AI) нь хүний оюун ухаанд тулгуурладгийг мартаж болохгүй.
Алслагдсан, зэлүүд бүс нутагт ажиллаж буй ажиглагчдад.
Өдөр бүр, хоногт хоёр удаа цаг агаарын шаар хөөргөдөг аэрологичдод.
Үүрийн гэгээнээр гол мөрнийг хянадаг ус судлаачдад.
Шөнөжин нойргүй ажилладаг синоптикчдод.
Далайн давалгааг сөрдөг далай судлаачдад.
Шуурганы дараа станцуудыг засварладаг инженерүүдэд.
Тэнгэр дэх “нүд”-ийг маань ажиллуулж байдаг хиймэл дагуулын техникчдэд.
Өнгөрснийг ойлгож, ирээдүйд бэлтгэхэд тусалдаг уур амьсгалын судлаачдад.
Өгөгдлийг боловсруулж, түгээдэг тооцооллын мэргэжилтнүүдэд.
Дэлхийн цаг уурын өдрөөр ДЦУБ-ын хамтын нийгэмлэгийн мянга мянган албан хаагчид, та бүхэнд хүндэтгэл илэрхийлье.
Бид зөвхөн цаг агаарын урьдчилсан мэдээ гаргагчид биш.
Бид хамтдаа хүн төрөлхтөний сайн сайхны төлөө дэлхий нийтэд үйлчилгээ үзүүлж байна.
Бид хамтдаа өнөөдөр ажиглаж, маргаашийг хамгаалж байна.
Та бүхэндээ баярлалаа.
Дахин нэг удаа Дэлхийн цаг уурын өдрийн мэндийг та бүхэнд хүргэе.