НИСЭХИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗААВРЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

2026.01.08 09:32
54

Монгол Улсад нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад чухал үүрэгтэй “Нисэхийн цаг уурын үйлчилгээний байгууллагын ерөнхий заавар”-ыг Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын тушаалаар шинэчлэн баталлаа.
Тус заавар нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй нислэгүүдэд Дэлхийн цаг уурын байгууллага (WMO), Чикагогийн конвенцын Хавсралт 3, мөн PANS-MET (ICAO Doc 10157)-т заасан стандарт, шаардлагыг ханган нисэхийн цаг уурын үйлчилгээг үзүүлэх эрх зүйн болон үйл ажиллагааны үндсэн баримт бичиг юм.
Зам, тээврийн сайдын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/250 дугаар тушаалаар Иргэний нисэхийн дүрэм 174-т нэмэлт, өөрчлөлт нэвтэрч шинэчлэн батлагдсантай холбогдуулан, уг дүрмийн 174.7 болон 174.79-д заасны дагуу дээрх ерөнхий зааврыг шинэчлэн боловсруулж, баталгаажуулсан.
Шинэчлэгдсэн ерөнхий зааврыг Нислэгийн цаг уурын төв, мөн орон нутагт нисэхийн цаг уурын үйлчилгээ үзүүлдэг Ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлнэ. Уг заавар нь нисэхийн цаг уурын үйлчилгээний хүрээнд мөрдөгдөж буй заавар, журмуудын уялдаа холбоо, зохицуулалтыг хангах, цаашид хэрэгжих холбогдох баримт бичгүүдийг нэгтгэн зохион байгуулах ач холбогдолтой юм.
Ингэснээр Монгол Улсын нисэхийн цаг уурын үйлчилгээ олон улсын стандарттай бүрэн нийцэж, нислэгийн аюулгүй байдал, мэдээллийн найдвартай байдал, үйлчилгээний чанар цаашид илүү сайжрах нөхцөл бүрдэж байна.

Хуваалцах :