“УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНД ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2025.10.14 10:39
12

Хиймэл дагуулын мэдээллийг үр дүнтэй ашиглах нь ус, цаг уур, орчны шинжилгээний чанарыг дээшлүүлэх, гамшгийн эрт сэрэмжлүүлгийн чадавхыг сайжруулах, байгаль орчны хяналтыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой байдаг.

Хиймэл дагуулын мэдээг ашиглан ус, цаг уур, орчны шинжилгээнд ашиглаж буй өнөөгийн байдал, цаашид нэвтрүүлэн ашиглах боломж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж аймаг, хотын ус, цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн албан хаагчдаас санал, зөвлөмж авч хиймэл дагуулын мэдээг ашиглах үйл ажиллагааг сайжруулах чиглэлийг тодорхойлох зорилгоор уг уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

Дээрх сэдвийн хүрээнд Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нандин-Эрдэнэ нь одоо ашиглагдаж байгаа хиймэл дагуулын тухай болон гаргаж буй бүтээгдэхүүний талаар танилцуулж, эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Г.Баясгалан нь “Хиймэл дагуулын мэдээгээр агаар мандлын тогтворгүйшлийг илэрхийлдэг индексүүдийг тооцоолох” сэдвийн дор өөрийн судалгааны ажил,  эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор Д.Мөнхзул нь цөлжилт, ган, ургамалан нөмрөгийн өөрчлөлт, альбедо,  хур борооны бүтээмжит байдал зэрэг судалгааны ажлын хүрээнд хийсэн ажлуудаа танилцууллаа.

Уулзалт, хэлэлцүүлгээр аймаг, хотын 70 орчим хүн хамрагдаж өөрсдийн сонирхсон асуултуудыг асууж, санал, зөвлөмж өгсөн. Энэхүү гаргасан санал, санаачилгуудыг нэгтгэн дүгнэж, цаашдын ажлын төлөвлөгөөнд тусган ажиллана.

Хуваалцах :