Мэдээ мэдээлэл
“ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ 2.0“ СЭДЭВТ СУРГАЛТ, СЕМИНАРТ ОРОЛЦЛОО

Дэлхийн цаг уурын байгууллагаас /ДЦУБ/ БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулсан “ДЦУБ мэдээллийн систем 2.0“ сэдэвт сургалт, семинарт ЦУОШГ-ын Технологи Инновацын хэлтсийн дарга А.Батболд оролцлоо.
Уг систем нь ДЦУБ-аас нэвтрүүлж буй интернэт веб технологид суурилсан олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд цаг уурын мэдээ солилцох энгийн, хямд өртөгтэй систем юм.
Сургалт, семинараар цаг уурын ажиглалтын мэдээлэл солилцооны шинэ “ДЦУБ мэдээллийн систем 2.0”-ын танилцуулж, түүний програм хангамж суурилуулах, үе шаттайгаар шуурхай үйлчилгээнд шилжүүлэх талаарх улс орон бүрийн төлөвлөгөөг харилцан солилцсон. Цаг уур, орчны шинжилгээний газар “ДЦУБ мэдээллийн систем 2.0” -ийн сургалтыг цаг уурын холбоо мэдээллийн албан хаагчдад 2025 онд зохион байгуулах, 2026 онд БНХАУ-ын Цаг уурын албаны мэргэжилтэн урьж “ДЦУБ мэдээллийн систем 2.0”-ийн програм хангамжийг хамтран суулгах, 2027 оноос шинэ системээр цаг уурын мэдээг олон улсад солилцох төлөвлөгөөтэй байгаа зэрэг мэдээллийг танилцуулсан.
ДЦУБ 2030 гэхэд дэлхийн нийт улсын 90%-ийг дээрх шинэ систем рүү шилжүүлэх, 2033 онд “Даян дэлхийн холбооны систем /GTS/”-ыг бүрэн зогсоох төлөвлөгөөтэй байгаа юм.
Энэхүү сургалт семинарт Монгол, Бутан, Бангладеш, Камбож, Лаос, Малдив, Мьянмар, Непал, Пакистан, Шри-Ланк, Тайланд, Вьетнам, БНСУ, Энэтхэг зэрэг улсаас нийт 15 гаруй хүн оролцлоо.