Мэдээ мэдээлэл
ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ E-MONGOLIA АППЛИКЕЙШНЭЭР ХҮРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Цаг уур, орчны шинжилгээний газар, “И-Монгол академи” хамтран аппликейшний мэдэгдэл хүргэх системээр цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн мэдээллийг шуурхай хүргэж эхэллээ.
НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2027 оны эцэс гэхэд дэлхийн хүн бүрийг уур амьсгал, ус, цаг агаарын гаралтай аюулт үзэгдлээс эрт сэрэмжлүүлэх системээр хамгаалах санаачлага гаргаж зардал багатай, найдвартай шийдлийг улс орон бүр бий болгохыг уриалсан юм.
Цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээллийг 24 цагийн өмнө мэдэгдэх нь учирч болох хохирлыг 30 хувиар бууруулдаг гэх судалгаа бий. Иймд цаг уурын байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээллийг төр хувийн хэвшилтэй хамтран иргэддээ боломжит бүх сувгаар шуурхай хүргэх ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр байна.
E-Mongolia 5.0 хувилбараас эхлэн улирлаас хамаарсан голын үерийн, хуурайшлын, агаарын бохирдлын, цаг уурын архивын эх мэдээ зэргийг хүргэхээр бэлтгэл ажлыг хангаад байна.