Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүкэ, суурин төлөөлөгч Ямамото Такатоёо, Шида Коусүкэ нартай уулзалт хийлээ

2025.08.07 07:28
26

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Мияги Кенсүкэ, суурин төлөөлөгч Ямамото Такатоёо, Шида Коусүкэ нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар Япон улсын буцалтгүй тусламжаар Морин-Уулд суурилагдсан цаг уурын радарын станцын ашиглалтын байдлыг танилцуулж, талархал илэрхийлэхийн хамт уг төхөөрөмжийг шинэчлэх боломжийн талаар хүсэлт тавьлаа. Өнөөгийн байдлаар манай улс 1999 онд дээрх буцалтгүй тусламжаар баригдсан ганцхан С зурвасын Допплерын радарын станцтай бөгөөд 26 жил тасралтгүй ашигласнаас техник, технологийн хувьд хуучирч, сэлбэгийн нөөц дууссаны улмаас үйл ажиллагаа нь удаа дараа доголдох болсон.
Цаг агаарын гэнэтийн аюул болох үер, аянга, мөндөр, хүчтэй салхинаас хүн ам, эдийн засаг, нийгмийн салбаруудыг хамгаалах, эрт сэрэмжлүүлэх, эрсдэлийг бууруулах, агаарын тээврийн нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд улс орнууд цаг уурын радарын станцыг ажиллуулдаг. Допплерын эффект бүхий цаг уурын радарын станц нь 150-400 километрийн радиус дотор үүлний байршил, шилжилтийн чиглэл, хурд, үүлэн дэх усны хэмжээ, газрын гадаргад унах хур тунадасны хэмжээ, орох тунадасны эрч, аянга болон хүчтэй салхины бүс зэрэг үзүүлэлтүүдийг радио долгионы тусламжтайгаар 5-8 минутын давтамжтай, орон зайн өндөр нарийвчлалтай илрүүлэн, цаашид 3 цаг хүртэлх хугацааны шилжилтийн чиглэл, хурдыг тодорхойлдог зайнаас тандан судлах өндөр технологийн төхөөрөмж юм.
Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Нисэхийн цаг уурын төв нь дээрх радарын станцын үйл ажиллагааг хариуцдаг бөгөөд уг төхөөрөмжийн тусламжтайгаар жилд 37 авиа компанийн 90-100 мянган олон улсын өнгөрөлтийн нислэг, 10-13 мянган хөөрөлт, буултын нислэгийн аюулгүй байдлыг хангаж, цаг агаарын 16 төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг.
Өргөргийн дагуу сунаж тогтсон манай орны хувьд радарын сүлжээ байгуулах зайлшгүй шаардлагатай байдаг.

Хуваалцах :