Мэдээ мэдээлэл
БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН ЗОХИЦУУЛАГЧ, ДР. КИМ ЁНСУН, БНСУ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ КОРПОРАЦЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗРЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕР, ДР. БЮН-ЧУРЛ КО НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн Байгаль орчны бодлогын зохицуулагч, доктор Ким Ёнсун, БНСУ-ын Байгаль орчны корпорацын Олон улсын хамтын ажиллагааны газрын Ерөнхий менежер, доктор Бюн-Чурл Ко нар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга БНСУ-ын буцалтгүй тусламжаар Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг хэмжих автомат станц суурилуулах төсөл”, “Байгаль орчин хэмжил зүйн лабораторийн барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах” төслийн явцын талаар танилцуулж, талархал илэрхийллээ.
Мөн “21 аймгийн байгаль орчны шинжилгээний лабораторийн сүлжээг сайжруулах” шинэ төслийн саналыг Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад хүргүүлсэн тул дэмжиж өгөхийг хүсэв.
Байгаль орчны корпорацын зүгээс төсөл хэрэгжүүлэх явцад бүх талын дэмжлэг үзүүлж байгаа ЦУОШГ-ын хамт олонд талархал илэрхийлээд, дээрх төслийг 2026 онд үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Улаанбаатар хотод агаарын чанарыг хэмжих автомат 3 станц шинээр суурилуулах, мөн шаардлагатай бусад багаж, тоног төхөөрөмж буцалтгүй тусламжаар олгох болсныг танилцууллаа
