Мэдээ мэдээлэл
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ЭРХ ОЛГОЛОО

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны А/669 дүгээр тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн албан хаагчдад байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олголоо. Төрийн хяналт шалгалтын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, журам, зааврын биелэлтэд улсын байцаагчид хяналт тавина.
2025 онд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 21 аймгийн төвийг агаарын чанарын автомат станцтай болгох ажил зуны турш үргэлжилж 14 аймагт суурилуулаад байна. 8, 9 дүгээр сард Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Дорнод аймагт байгуулах ажил хийгдэж дуусна. Уг төслийг 2026 онд үргэлжлүүлэн, орчны хяналтын багаж, төхөөрөмжүүдийг цаг уур, орчны шинжилгээний байгууллагуудад үнэ төлбөргүй олгохоо санхүүжүүлэгч тал мэдэгдээд байна. Мөн Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийг иж бүрэн шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэх ажил 2 жилийн хугацаанд хэрэгжих бол байгаль орчны хяналтын явуулын лабораторийг 10 дугаар сараас ашиглаж эхлэхээр төлөвлөж байгаа юм. Ийнхүү орчны хяналт, шинжилгээний чадавх сайжрахтай зэрэгцэн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгогдсоноор ЦУОШГ-ын албан хаагчид хэмжлийн үр дүнд үндэслэн орчныг бохирдуулж, доройтуулж буй үйл ажиллагаанд хяналт тавих, таслан зогсоох боломж бүрдэж байна.