ГОВИЙН БҮСЭД ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА

2025.06.27 19:43
18
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга нар Тайландын Хаант Улсын Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар (DRRAA)-ын удирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар говийн бүсэд цаг агаарт зориудаар нөлөөлөх буюу хур тунадас нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн судалгааны дүн, Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажилласан хамтарсан багийн тайлан, 2025-2029 онд талууд хамтран ажиллах чиглэлийг хэлэлцэв.
Тайландын мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн 10 жилийн цаг уурын өгөгдөлд тулгуурлан хийсэн урьдчилсан судалгааны үр дүн, орон нутгийн цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд ашиглаж буй арга зүй, техник, тоног төхөөрөмжид хийсэн нарийвчилсан үнэлгээний дагуу:
✅Одоо хэрэглэж буй пуужин, газрын генератор зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэх,
✅Үүлэнд нөлөөлөх давтамжийг нэмэгдүүлэх,
✅Бага оврын онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан үүлний дотор урвалж бодис, давс цацах аргыг нэвтрүүлэх,
✅Орон нутгийн түвшинд хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх сургалт, дадлага зохион байгуулах,
✅Уур амьсгалын өөрчлөлттэй уялдуулан технологийн дэвшлийг нутагшуулах зэрэг ажлыг ирэх 5 жилийн хугацаанд Цаг уур, орчны шинжилгээний газар, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлнэ.
Өнөөдрийн байдлаар манай улс газрын суурин генераторгүй. Тайландын талаас хамтын ажиллагааны хүрээнд газрын суурин генераторын технологийг Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэхээ илэрхийллээ.
Хааны бороо, хөдөө аж ахуйн агаарын тээврийн газар (DRRAA) нь 30 нисэх онгоцтой бөгөөд жилд 6000 орчим нислэг үйлдэж, цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг явуулдаг байна.
513001507_1030277035880797_9006197216091551877_n
513352718_1030277039214130_7488548740882611677_n
Хуваалцах :