АЖИЛЛАНГАА СУРАЛЦАГЧДАД ОЛГОВОРТОЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ ТУШААЛ ГАРЛАА

2025.05.16 19:12
11
Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт 1893 албан хаагч ажиллаж байгаагийн 600 орчим албан хаагч нь өөр мэргэжилтэй, үүнээс тал нь бүрэн дунд боловсролтой албан хаагчид байна. Энэ нь сүүлийн жилүүдэд цаг уур, ус судлалын чиглэлээр их, дээд сургуульд суралцагч, төгсөгчдийн тоо цөөрсөнтэй холбоотой.
Цаг уур, орчны шинжилгээний газраас салбарын хүний нөөцийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх чиглэлээр их дээд сургуулиудтай гэрээ байгуулж, одоо ажиллаж байгаа албан хаагчдад мэргэжил эзэмшүүлэх, ажиллангаа цахимаар болон эчнээгээр суралцах боломжийг бүрдүүлсэн билээ.
Тэгвэл Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 2025 оны А/82 дугаар тушаалаар цаг уур, ус судлалын чиглэлээр суралцах албан хаагчдад дэмжлэг үзүүлэн олговортой чөлөө олгохоор шийдвэрлэлээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад цаг уур, орчны шинжилгээ, ус судлалын мэргэжлийн онцлог, давуу талыг сурталчлан таниулах арга хэмжээг жил бүр хөтөлбөрийн дагуу зохион байгуулж хэвшихийг аймаг, нийслэлийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдэд үүрэг болгосон. Энэ нь цаашид эдгээр мэргэжлийг сонгон суралцагчдын тоог нэмэгдүүлэх, салбарын албан хаагчдын ажил мэргэжлийн нэр хүнд, ач холбогдлыг өсгөх зорилготой юм.
Хуваалцах :