Мэдээ мэдээлэл
ЦУОШГ-ЫН ДАРГА Э.БАТТУЛГА ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн үйл ажиллагаатай ЦУОШГ-ын дарга Э.Баттулга, тус газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал нар танилцаж, албан хаагчидтай уулзалт хийлээ. Албан хаагчдын зүгээс тоног төхөөрөмжийн шинэчлэлийг яаралтай хийх, төрийн албан хаагчдад олгодог 5 жил тутамд 6 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжид цаг уур, орчны шинжилгээний албан хаагчдыг хамруулах, ус судлалын харуул, экспедицийн ажилтныг даатгалд хамруулах, хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг сайжруулах, төвийн төсөвт нэг удаагийн тэтгэмж урамшууллын зардал тусгагдахгүй байгаад анхаарах зэрэг асуудлыг тавьлаа.
ЦУОШГ-ын даргын зүгээс эрх зүйн болоод техник технологийн шинэчлэл хийх, судалгааны ажлын үр дүнг эдийн засаг, нийгмийн салбаруудын бодлого төлөвлөлтөд ашиглах байдлыг нэмэгдүүлэх, орчны шинжилгээ болон цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, лабораторийн шинэчлэлийг хийх, хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, салбарын албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах чиглэлээр төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа.