Мэдээ мэдээлэл
ЦУОШГ-ЫН ДАРГА Э.БАТТУЛГА ДЭЛХИЙН УСНЫ БОЛОН ЦАГ УУРЫН ӨДӨРТ ЗОРИУЛЖ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Та бүхэндээ "Дэлхийн Болон Монголын Ус, Цаг Уурын Өдөр"-ийн мэнд хүргэе. Энэ жил Дэлхийн Цаг Уурын Байгууллагаас “Эрт сэрэмжлүүлэх тогтолцооны хүртээмжийг хамтдаа сайжруулъя” уриаг дэвшүүлж, байгалийн гамшигт үзэгдлийн эрсдэлийг бууруулах, хүн бүрийг цаг алдалгүй сэрэмжлүүлэх мэдээллээр хангахын төлөө хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриалж байна. Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэл нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, улмаар улс орны хөгжлийн үндэс болсон үнэт зүйлсийг хамгаалахад шийдвэрлэх үүрэгтэй билээ.
Манай байгууллага Монгол орны өнцөг булан бүрд өндөр нарийвчлалтай мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэх, эрт сэрэмжлүүлэх системийг шинэ түвшинд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эрч улам бүр нэмэгдэж буй өнөө цагт иргэд маань зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, хариуцлагатай оролцогч байж, өөрийгөө болон байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйлсэд хамтдаа зүтгэх шаардлагатай болж байгаа юм.
Энэ өдрийг тохиолдуулан ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын үе үеийн ажилтнууд, эрдэмтэн, судлаачид, хамт олондоо болон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж буй хүн бүрд талархал илэрхийлье.
Хүндэтгэсэн,
Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, ДЦУБ-ын Монгол улс дахь байнгын төлөөлөгч
Эрхэмбаярын БАТТУЛГА