Мэдээ мэдээлэл
1 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ БАЙДЛААР НИЙТ НУТГИЙН 60 ОРЧИМ ХУВЬД ЦАСТАЙ БАЙНА
![](https://namem.gov.mn/uploads/image/2025/01/1250x0/1737525737_0459bd097e169d15c84d.png)
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 1 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Хяргас, Малчин, Ховд, Завханы Нөмрөг, Тэс, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Хүрээмарал, Баянбулаг, Галуут, Сэлэнгийн Хүдэрт 22-35 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Баян-Өлгийн Сагсай, Увсын Ховд, Түргэн, Сагил, Малчин, Тэс, Зүүнговь, Хяргас, Тариалан, Улаангом, Наранбулаг, Ховдын Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Галуут, Сэлэнгийн Хүдэрт цагаан зудын (нийт 6 аймгийн 23 сум), Баян-Өлгийн Баяннуур, Алтай, Булган, Увсын Бөхмөрөн, Завхан, Давст, Цагаанхайрхан, Баруунтуруун, Зүүнхангай, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Алтай, Завханы Ургамал, Завханмандал, Сонгино, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Тэлмэн, Баянтэс, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Бууцагаан, Жаргалант, Заг, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ (Хатгал), Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө (Бугант), Дархан-Уулын Хонгор, Дундговийн Адаацаг, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу (12 аймгийн 37 сум) байдалтай байна.
· Салхины хурд тал хээр болон говийн зарим нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
· Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим сумдын нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 80 орчим хувьд дунджаас ахуй, 20 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.
· МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир сүү бэлтгэх ажлууд үргэлжлэн хийгдэж байна.