Зорилго, зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн
УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 2026 ОНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨНИЙ ТАЙЛАН
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2026 оны 02 дугаар сарын 26–27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо салбарын удирдах ажилтны уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд агентлагийн газар, хэлтсийн дарга нар, харьяа 25 байгууллагуудын дарга, захирал болон холбогдох албан хаагчид оролцов.
Хурлыг нээж агентлагийн дарга Э.Баттулга үг хэлж, дараах асуудлуудыг онцлон тэмдэглэв.
2026 ОН - “ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ТЕХНОЛОГИ ШИНЭЧЛЭЛИЙН ЖИЛ”
2026 оныг салбарын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, технологи шинэчлэлийн жил” болгон зарласантай холбогдуулан дүрэм, журам шинэчлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ажлыг үе шаттай зохион байгуулж, орон нутагт хэрэгжилтийг өндөр түвшинд хангах зорилт дэвшүүлснийг онцлов.
Мөн 2026 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтын байгаль орчны салбарт ногдох нийт санхүүжилтийн 90 гаруй хувь нь ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарт хуваарилагдсан нь технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх бодит боломж бүрдсэнийг тэмдэглэлээ.
ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ
Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулахаар тусгагдсан.
Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу холбогдох судалгааг хийж, хуулийн үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд 30 жилийн дараах томоохон эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэх хариуцлагатай цаг үе ирснийг онцлон дурдав.
Энэхүү шинэчлэл нь өнгөрсөн хугацаанд гарсан алдаа, сул талыг засахын зэрэгцээ ирэх 10, 20, 30, цаашлаад 50 жилийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.
ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА
2026 онд байгаль орчны салбарын түүхэн чухал арга хэмжээ болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар хурал (COP17) зохион байгуулагдах бөгөөд 196 орны төр, засгийн тэргүүн, Байгль орчны сайд, өндөр түвшний төлөөлөгчид оролцоно.
Энэхүү хурлын хүрээнд ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний салбараас шар шороон шуурганы бүс нутгийн санаачилгыг дэвшүүлж, холбогдох I, II ажлын хэсгийн хурлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн дээр Монгол орны цөлжилтийн судалгаа, гангийн зураглал, атлас боловсруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна. Эдгээр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын баталсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц-ын талуудын 17 дугаар хурлыг угтан Байгаль орчин, уур амьсгалын яам болон харьяа байгууллагуудаас хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан 12 томоохон ажлын хүрээнд хийгдэж байгаа бөгөөд үүнээс 8 ажлыг тус хүрээлэн, 4 ажлыг агентлаг хэрэгжүүлж байна.
Тэрээр энэхүү үйл ажиллагаа нь салбарын тулгамдсан асуудал, онцлогийг олон улсын түвшинд таниулан сурталчлах чухал ач холбогдолтой, томоохон боломж болохыг онцлон тэмдэглэлээ.
ИЛТГЭЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Зөвлөгөөний үеэр аймаг, хотын Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүдийн дарга нар 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, онцлох сайн туршлагын талаар мэдээлэл хийв.
Мөн дараах удирдах албан тушаалтнууд илтгэл танилцууллаа. Үүнд:
Улсын сүлжээний газрын дарга Д.Уламбаяр “Ус цаг уурын улсын сүлжээний чиглэлээр хийгдэж буй ажлууд”;
Урьдчилан мэдээлэх газрын дарга Л.Оюунжаргал “Урьдчилан мэдээлэх үйл ажиллагааны ололт амжилт, цаашдын зорилт”;
Технологи, инновацын хэлтсийн дарга Д.Батдорж “Технологи, инновацын хэлтсийн танилцуулга, үйл ажиллагааны мэдээлэл”;
Уур амьсгалын өөрчлөлт, орчны шинжилгээний хэлтсийн дарга Н.Галцог “Орчны хяналт шинжилгээний ахиц дэвшил, анхаарах асуудлууд”;
Захиргааны хэлтсийн дарга Ш.Цэрэндулам “2026 онд салбарын захиргаа, удирдлага, хууль тогтоомжийн хэрэгжилтийн хүрээнд анхаарах асуудал”, “2026 оны салбарын төсөв, ажлын хэсгийн дүгнэлт”;
Хяналт, дотоод аудитын хэлтсийн дарга Х.Оюунбилэг “Хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, цаашид анхаарах асуудал”;
Архив мэдээллийн сангийн хэлтсийн дарга Ж.Энхчимэг “Ус, цаг уур, орчны шинжилгээний архив, мэдээллийн сангийн үйл ажиллагааны талаар”;
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн захирал Г.Сарантуяа “Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2026 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажлын танилцуулга”;
Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал Б.Цацрал “БОХЗТЛ-ийн 2026 онд хэрэгжүүлэх онцлох ажил, анхаарах асуудлууд”;
Нислэгийн цаг уурын төвийн дарга А.Батболд “Нислэгийн цаг уурын төвийн 2026 онд хийж хэрэгжүүлэх онцлох ажлын танилцуулга”.
Энэхүү уулзалт, зөвлөгөөний онцлог нь 2026 онд хэрэгжүүлэх онцлох ажлууд болон сайн туршлагыг харилцан хуваалцаж, цаашдын зорилт, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсонд оршино.
Хурлын үеэр илтгэлүүдийг хэлэлцэж, санал солилцон, салбарын хэмжээнд бодлогын хэрэгжилтийг хангах, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох асуудлуудыг хэлэлцэв.
ОНЫ ТЭРГҮҮНИЙ БАЙГУУЛЛАГА, САЛБАР, НЭГЖИЙГ ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЖ УРАМШУУЛАВ:
Агентлагийн даргын 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/30 дугаар “Оны тэргүүний байгууллага, салбар,нэгжийг шалгаруулах, шагнаж урамшуулах тухай” тушаалын дагуу Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарын тэргүүний байгууллага, салбар нэгжүүдийг тодруулж, шагнаж урамшууллаа.
- УС ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2025 ОНЫ НЭГДСЭН ДҮНГ ҮНДЭСЛЭН
- 1 дүгээр байрт Дархан-Уул аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
- 2 дугаар байрт Өвөрхангай аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
- 3 дугаар байрт Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг тус тус шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнав.
2. ЦАГ УУРЫН ШИНЖИЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН 2025 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНДЭСЛЭН
2025 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ӨРТӨӨ
- Ховд аймгийн “Манхан” өртөө
- Завхан аймгийн “Цэцэн-Уул” өртөө
- Архангайн аймгийн “Төвшрүүлэх” өртөө
- 2025 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ ЭКСПЕДИЦ
- Дархан-Уул аймгийн “Дархан-бороо” экспедиц
- Дорноговь аймгийн “Шанд-бороо” экспедиц
- 2025 ОНЫ БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ ЛАБОРАТОРИ
- Завхан аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори
- Хөвсгөл аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори
- ШИНЖИЛГЭЭ, МЭДЭЭЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 2025 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНДЭСЛЭН
- 2025 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ЦАГ УУРЫН ХАРУУЛ
- Хэнтий аймгийн “Баянмөнх” харуул
- Өмнөговь аймгийн “Ноён” харуул
- Ховд аймгийн “Дарви” харуул
- 2025 ОНЫ ТЭРГҮҮНИЙ УС СУДЛАЛЫН ХАРУУЛ
- Хэнтий аймгийн “Хэрлэн-Өндөрхаан” харуул
- Увс аймгийн “Чигж–Өндөрхангай” харуул
- Архангай аймгийн “Тэрхийн цагаан нуур-Тариат” харуул
- НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН МЭДЭЭЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНДЭСЛЭН
2025 ОНЫ НИСЛЭГИЙН ЦАГ УУРЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛСЭН ТЭРГҮҮНИЙ ХАМТ ОЛОН
- ТОГТМОЛ НИСЛЭГТЭЙ АЙМГУУДААС
- Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
- ТОГТМОЛ НИСЛЭГГҮЙ АЙМГУУДААС
- Хэнтий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төв
- НИСЭХ БУУДАЛГҮЙ АЙМГУУДААС
- Орхон аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийг тус тус шалгаруулж өргөмжлөл гардуулав.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Өргөдөл, гомдол, сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Уянга
Холбогдох утас: 264857
Өрөөний дугаар: 603 тоот
email: d.uyangaa@namem.gov.mn