Доктор Б.Мягмаржав /1981-1990 ОНД УС ЦАГ УУРЫН АЛБАНЫ ДАРГА/

10196

Мягмаржав XVI жарны модон гахай жилд буюу 1935 оны 9 дүгээр сарын 16-нд Засагт хан аймгийн Дамдин Авшаа гүний хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт Тодно овогт Бавуу гуайн хүү болон мэндэлжээ. Тэрээр 1954 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн хөвгүүдийн ангийг, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул О.Цэрэнчимэд гуай (гэргий) мөн онд нэгдүгээр сургуулийн охидын ангийг тус тус дүүргэж байжээ.

1954 оны намар Ленинград хотноо Ус цаг уурын дээд сургуульд элсэн орж, 1959 онд “Эх газрын ус судлал”-ын инженер мэргэжлээр төгсөж, Монгол улсад ус судлалын “Анхны” инженер болсон түүхтэй.

1959 онд Усны шинжилгээний станцын дарга-инженер гэдэг албан тушаалд томилогдож байв.

Энэ үед ЗХУ-ын Ус цаг уурын албаны харъяа Монгол дахь товчоог 1946 оны гэрээ ёсоор зөвлөлтийн тал өөрийн боловсон хүчин, хөрөнгөөр бүрэн хангаж, хүлээлгэн өгч байв. Усны шинжилгээний станцын дарга-инженерээр ажиллаж байсан Е.М.Старостинагаас ажлыг нь хүлээн авч уг станцын монголын анхны дарга болжээ. Энэ цаг үеэс Монголд Ус цаг уурын шинжилгээний сүлжээг өргөжүүлэх, ажиглалтын хөтөлбөрийг нэр, төрлийн хувьд баяжуулах, Ус судлал, цаг уурын Үндэсний судалгааг эхлүүлэн, төгөлдөржүүлэх нөр их ажлын эхлэлийг тавьжээ.    

Б.Мягмаржав 1962 онд УЦУАУГ-ын нэгдүгээр орлогч даргаар томилогдон, Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол улсад Ус цаг уурын салбарыг хөгжүүлэх төсөл, буцалтгүй тусламжийг хэрэгжүүлсний үр дүнд өнөөгийн сүлжээний үндсэн суурь бэхжсэн байна.     

Эдгээр ууган инженер, анхны дарга нарын санаачлага, үе үеийн ус судлаач нарын үр бүтээлч үйл ажиллагаагаар Усны хяналт-шинжилгээний сүлжээ эдүгээ харуулын тоогоор 6.5 дахин нэмэгдэж, гол мөрөн, нуур, мөстөл, мөсөн гол, газар доорх ус, усны хими, биологи, изотоп зэрэг төрөл бүрийн чиглэлээр өргөжин хөгжих үндсийг тэр үед тавьж байжээ.      

Манай ус судлаачдын анхны эрдэм шинжилгээний бүтээл 1964 онд Б.Мягмаржавын “Гол мөрний урсацын норм”, Х.Нацагдоржийн “Монгол орны голуудын мөсний горим”, “Монгол орны голуудын дулааны горим” зэрэг өгүүллэг нийтлүүлснээр эхэлсэн түүхтэй. Энэ үе бол Ус цаг уурын чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага байгуулагдах хэрэгцээг харуулсан угтвар нөхцөл болж байжээ. 1966 онд УЦУШИ байгуулагдаж, тус хүрээлэнгийн анхны захирлын албыг Б. Мягмаржав гуай олон жил хавсран гүйцэтгэж байжээ.

Б. Мягмаржав 1975-1981 онд МУИС-ийн цаг уурын тэнхимийн эрхлэгчийн албыг хавсран хашиж байв.

Тэрээр 1981-1987 онд УЦУАУЕГ-ын даргын албан тушаалд тохоон томилогдож, Д.Түвдэндорж, Ш.Жадамба нарын идэвх зүтгэлээр бүрдсэн албаны нэр хүнд, үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлжээ.  

Энэ үед агаар мандал, усан мандлын зүй тогтол, хувьслыг судлан мэдээлдэг байгууллагын хувьд эдгээрийг нэг талаас дэлхийн уур амьсгалын дулаарал, нөгөө талаас агаар, ус, хөрсний бохирдолтой холбон судлах, дэлхийн улс орнуудын хандлагатай нийцүүлэн албанаас хөгжүүлэх бодлогыг тэрээр баримтлан ажиллаж, Агаар мандлын дээд давхаргыг /100 км хүртэл/ судлах пуужинт станц байгуулах хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажилд З.Батжаргал, Д.Хоржав нарын хамт нэлээд хүч хөдөлмөр зарж байж ашиглалтад оруулж байлаа.

ДЦУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Вийн Нилсоныг 1982 онд, тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Г.О.П.Обасиг 1986 онд Засгийн газрын урилгаар Монголд айлчлах ажлыг санаачлан зохион байгуулж, хамтын ажиллагаа хөгжүүлэх протоколд гарын үсэг зурсан юм.

1987 онд төрийн яамд, улсын хороод, тусгай газрын бүтэц зохион байгуулалтыг цомхотгон шинэчилж, Байгаль орчныг хамгаалах яамыг түүхэндээ анх удаа байгуулсан юм. БОХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар Б. Мягмаржав томилогдон ажиллаж байлаа. 

Тэрээр 1975-2002 онд Газарзүйн ухаанаар эрдмийн цол зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн, 1984-1988 онд ДЦУБ-ын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, 1985-1990 онд Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, 1981-1990 онд Монголын байгаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэгч, 1995-2008 онд ШУА-ийн Газарзүй, геологийн бага чуулганы гишүүн зэрэг шинжлэх ухаан, олон улсын болон олон нийтийн байгууллагын сонгуульт ажлыг хашиж байв.

Хожим 1991-1995 онд Усны бодлогын хүрээлэнг БОЯ-ны шийдвэрээр байгуулж, тэнд Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Хуваалцах :