Үе үеийн удирдлагууд
Жашжидийн Ишцог /1949-1953 ОНД УС ЦАГ УУРЫН АЛБАНЫ ДАРГА/

Ж.Ишцог нь 1913 онд одоогийн Увс аймгийн Зүүнхангай суманд Жашжидийн ууган хүү болон төржээ.
Ж. Ишцог нь өөрийн аав Жашжидээр монгол бичиг заалгаж, бичиг үсэгтэй болсон тул 30-аад онд Зүүн Хангай сумын Бадрахын хүрээнд анхны танхим (бага сургууль) байгуулагдахад багшаар ажиллаж байжээ. Дараа нь сумын тамгын газар бичээч, хамтралын нарийн бичгийн дарга, сумын нарийн бичгийн дарга, сумын даргын алба хашиж байв. Хэдийгээр өөрөө цэрэгт явахыг санаархаж байсан боловч удаа дараагийн цэрэг татлагаас чөлөөлөгдөж байжээ. Ингээд бодвол өмнө нь сумын даргаар ажиллаж байсан өөрийн аавын оролцоо нөлөөлж байсан нь лавтай. Харин 1938 онд Ж.Ишцог дарга сумын даргаар дэвшин ажиллаж байхдаа шинэ цэргүүдийг хүргэхээр аймагт очоод, тэндээсээ сайн дураараа цэрэгт явжээ.
Ингээд 1939-1943 онд Цэргийн дээд шүүхийн коллегийн нарийн бичгийн дарга, коллегийн орлогч даргаар ажиллаж байгаад 1943 онд Улсын Бага хурлын тогтоол, жанжны тушаалаар Дорнодын Цэргийн шүүхийн даргаар томилогджээ. 1946 оноос Хилийн цэргийн дээд шүүхийн даргаар томилогдон ажиллаж байсан байна.
Ж.Ишцог 1949-1950 онд Улсын Агаарын Шинжилгээний Хорооны орлогч дарга, 1950-1953 онд даргаар ажиллаж байжээ. Тэр үед УАШХороо нь материал боловсруулах ба орон нутаг дахь ус, цаг уурын өртөө, харуулын ажлыг эрхлэх тасагтай болсон тухай мэдээ сэлт түүхийн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлдсэнээс гадна цаг уурын өртөө, харуулын олон жилийн мэдээ сэлтийг бүртгэн, төрөлжүүлэн хадгалах тухай тушаал гарсан байхаас үзэхэд одоогийнхоор бол Байгаль орчин, ус цаг уурын мэдээлэл баримтын санг үндэслэж байв.