Баярын Жаргалсайхан /1948-1949 ОНД УС ЦАГ УУРЫН АЛБАНЫ ДАРГА/

10356

Урианхайн Б.Жаргалсайхан төрд хагас зуун жил зүтгэснээс дөчөөд жил нь дипломат алба хашжээ. Товчилвоос, өнгөрөгч зууны хорь, гучаад он буюу шинэ хуучны эгзэгтэй заагт, цаг үеийн дуудлагаар тодорч тэрхүү ороо бусгаа, оргилуун, дэврүүн цагийнхаа шийрийг хатааж, бие сэтгэлээ улс Монголдоо ул мөртэй зориулсан XVI жарны цөөхөн нэрт сэхээтний нэг байсан юм.

Баярын Жаргалсайхан /1915-2005 оны 10 дугаар сарын 24/ нь Гадаад Явдалын яамны сайд байсан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цолтой дипломатч юм. Тэрээр Дорнод аймгийн Халхгол суманд төржээ. 1925-1929 онд хошууны бага сургууль, 1929-1930 онд Хэнтий аймгийн дунд сургууль, 1930-1933 онд Намын төв сургууль, 1937-1940 онд Москва хотын Дорно дахины дээд сургуульд тус тус суралцаж төгссөн.

Б.Жаргалсайхан нь Монгол Улсын гадаад харилцааны салбарт 1941 оноос эхлэн 40 гаруй жил ажиллахдаа Засгийн газрын протоколын эрхлэгч, Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн дарга, нэгдүгээр орлогч сайд, сайд, МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-аас БНХАУ, Чехословак, Франц, Египет, Алжир, Энэтхэг улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгч зэрэг өндөр хариуцлагатай албыг хашиж байв.

Тэрбээр 1961 онд Монгол улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, улмаар НҮБ-ын дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгчөөр ажилласан юм. Мөн Ардын Их Хурлын 1,2,3,4,7 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож, АИХ-ын дарга, Гадаад хэргийн байнгын комиссын дарга, Дэлхийн энхтайвныг хамгаалах байнгын хорооны гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж иржээ.

Б.Жаргалсайхан нь 1948-1949 онд Ус цаг уурын албаны даргаар ажилласан.

Хуваалцах :