Танин мэдэхүй
АГААРЫН ДАРАЛТ ГЭЖ ЮУ ВЭ

Дэлхийн гадарга болон Дэлхийн агаар мандал дотор оршиж буй бүх зүйлүүдэд үзүүлж буй даралтын нөлөөг агаарын даралт гэнэ. Агаарын даралт нь дэлхийн татах хүчний нөлөөгөөр үүсдэг, ө.х. агаар өөрийн жингээр дэлхий рүү татагдахдаа агаарын даралтыг үүсгэдэг. Агаарын даралтыг барометрээр хэмжих ба 0°С температурт, 760 мм мөнгөн усны баганатай тэнцэх хэмжээний агаарын даралтыг хэвийн агаарын даралт гэж нэрлэдэг.
Италийн эрдэмтэн Э.Торричелли 1643 онд агаар жинтэй болохыг баталсан байна. Тэрээр 90 см урт шилэн гуурсны нэг үзүүрийг нь битүүлж мөнгөн усаар дүүргэн, нүхтэй үзүүрийг нь хуруугаараа таглаж мөнгөн устай аяганд дүрсний дараагаар хуруугаа авчээ. Тэгэхэд шилэн гуурсан дахь мөнгөн усны баганы өндөр 76 см болжээ. Энэ нь аяган дахь мөнгөн усны гадарга дээр дарж буй гаднах агаарын даралттай шилэн гуурс дахь мөнгөн ус тэнцвэрийн байдалд орсныг харуулж байна. Ийм аргаар агаарын даралтыг хэмжиж болох үндэслэл анх тавигджээ.