Бидний тухай
- Удирдлагын мэндчилгээ
- Байгууллагын танилцуулга
- Үе үеийн удирдлагуудын товч намтар
- З.Батжаргал
- Доктор, Проф.Ц.Адъяасүрэн
- Шаравдоржийн Жадамба
- Д.Хоролжав
- Доктор Б.Мягмаржав
- Долодын Түвдэндорж
- Лувсанравдан Баясах
- Академич Шагдарын Цэгмид
- Жашжидийн Ишцог
- Баярын Жаргалсайхан
- Доктор Ж.Дүгэрсүрэн
- Түүхэн замнал
- Бүтэц зохион байгуулалт
- Удирдлага
- Хэлтсүүд
- Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс
- Урьдчилан мэдээлэх хэлтэс
- Архив, мэдээллийн сангийн хэлтэс
- Орчны шинжилгээний хэлтэс
- Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс
- Захиргаа, аудитын хэлтэс
- Салбар байгууллагууд
- Орон нутаг дахь харьяа байгууллагууд
- Байгууллагын зорилго,зорилтууд
З.Батжаргал
Тэрбээр 1945 онд Увс аймгийн Сагил суманд төрсөн. Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 1964-1969 онд гэр үеийн ЗХУ-ын Ленинград хотын Ус цаг уурын дээд сургуулийг төгсч, Цаг уурын инженерийн мэргэжил эзэмшсэн. Үүнээс хойш мэргэжлийнхээ дагуу ажилласаар 1990-1992 онд БНМАУ-ын Байгаль орчны хяналтын улсын хорооны даргаар ажиллаж байв. Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Засгийн газрыг шинээр байгуулан Байгаль орчны хяналтын улсын хороог 1992 оны долоодугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулиар Байгаль орчны яам болгон 4 газар, 2 хэлтэстэй өөрчлөн зохион байгуулжээ. Шинэ зохион байгуулалтад орсноор Байгаль орчны анхны сайд нь гавьяат ажилтан З.Батжаргал болж байв. Дэлхийн Цаг Уурын Байгууллага (ДЦУБ)-ыг төлөөлж НҮБ-д 6 жил ажилласан. Түүнийг шинэхэн гавьяат болоод удаагүй байхад нь цөөн хором ярилцсанаа уншигч танд толилуулж байна.
-Монгол Улсын ”Байгаль орчны гавьяат ажилтан” болж, төрийн хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе. Та “цаг уурын инженер”мэргэжлийг яагаад сонгох болов?
-Баярлалаа, тэр үед одоогийнхтой адил байгаагүй л дээ. Бүх шатны боловсрол үнэ төлбөргүй байлаа. Хаашаа ч явж сурсан бүх зардлыг нь төр засгаас төлдөг. Гол нь сурлага сайтай байх шаардлага тавьдаг байсан. Миний хувьд цаг уурын албанд хөл тавьсан түүх маань их сонин. Ний нуугүй ярихад би олон мэргэжил дотроос цаг уурыг сонгосон хэрэг биш. Тухайн үед манай “10 жил”-ийг 100 гаруй хүүхэд төгссөнөөс хоёр хүүхэд алтан медальтай төгссөний нэг нь би байсан учир хамгийн эхэнд нь мэргэжлээ сонгох бололцоотой байсан. Хүүхдүүдийг гадаадад явуулж сургахдаа аль нэг байгууллагын нэр дээр явуулдаг байсан юм. Бас Боловсролын яамнаас ирүүлсэн хуваарийн жагсаалтад суралцах мэргэжлийн нэр бүгд орос хэл дээр байсан. Байгууллагын нэрийг харж байтал Шинжлэх ухааны академи гэсэн нэр байхаар нь энэ нь их зүгээр байх, ямар ч байсан судалгаа, шинжилгээтэй холбоотой байх гэж бодсон. “Метеорология” гэсэн мэргэжлийн нэрийг ойлгоогүй боловч энийг авъя гэж авчихаад, гэртээ гүйж очоод толь бичгээс харсан чинь “Цаг уур” гэсэн үг байсан. Ингэж тохиолдлоор мэргэжлээ сонгосон юм даа. Ингээд ЗХУ-ын Ленинград хотод очиж “цаг агаарын мэдээг математик аргаар гаргах”гэсэн шинээр нээгдсэн ангийн анхны төгсөгч болж байлаа. Тиймээс л Ус цаг уурын Алба намайг Шинжлэх ухааны академиас Москвагийн их сургуулийг Цаг уурын нэр дээр төгссөн их өндөр боловсролтой хүнээр сольж авч байв. Ингэж би эзэмшсэн мэргэжлийнхээ ачаар цаг уурын албатай ажил амьдралаа холбосон юм даа.
-Цаг уурын албанд ажлын гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?
-БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Ус цаг уурын албыг удирдах ерөнхий газар гэж хирдээ том байгууллага байлаа. Тухайн үед даргаар Д.Түвдэндорж, нэгдүгээр орлогч даргаар Б.Мягмаржав, Хүрээлэнгийн захирал Ш.Жадамбаа нар ажиллаж байв. Би сургуулиа төгсч ирээд, өндөр албан тушаалд томилогдоогүй. Цаг уурын системийн хамгийн доод тушаалын албанд буюу цаг уурын ажиглагчаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. Одоо хүнд хэлбэл гайхах байх л даа. Яагаад ЗХУ-д төгсч ирсэн, бас ч үгүй өөр байгууллагаас хүнээр сольж авчихаад тийм ажилд томилж байгаа юм бол? гэж. Тэр үеийн шаардлага байсан байх л даа. Гадаадад төгссөн хүмүүс Монгол орныхоо нөхцөл байдлыг мэдэхгүй, үйлдвэрлэлийг нь мэдэхгүй учраас хамгийн доод шатнаас нь эхэлж ажилд томилдог байсан. Тэгээд би Улаанхуаранд байсан цаг уурын станцад ажиглагчаар хэдэн сар, дараа нь Ус цаг уурын хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх секторт техникчээр ажилласан. Одоо манай автоматаар хийж байгаа кодолсон мэдээг тайлж, зурагт буулгах ажлыг гараар хийдэг байв. Мэдээж би дадлагагүй учраас тогтсон цагт нь амжуулах гэж байдгаараа хичээдэг байв. Зарим үед цагтаа багтахгүй болохоор нэг ээлжинд гардаг техникч хамжиж, тусалдаг байв. Шөнийн ээлжинд гарахад зүүрмэглэх ч зав гарахгүй амаргүй ажил байлаа. Энэ бүх процесс лав нэг жил үргэлжилж байж, синоптик инженерийн хэмжээнд хүрч байлаа. Ингэж үйлдвэрлэлийн бүх шатанд ажилласан маань надад сүүлд их хэрэг болдог байв. Тэгэхээр тэр үеийн мэргэжилтнээ бэлтгэх, дадлагажуулж, доороос нь эхлүүлэх энэ бодлого их зүйтэй байжээ гэж боддог юм.
-Цаг уурч гэдэг энэ мэргэжлийн юу нь сайхан бэ. Мэргэжлээрээ бахархаж байв уу?
-Хүний бахархал бол их олон янз л даа. Ер нь “Өө, цаг уурт ажилладаг юмуу, яасан мундаг юм бэ” гэх хүн нэг их олон биш тааралдана. Гэхдээ над шиг хөдөө төрж өссөн хүнд бол, ялангуяа гадаадад сурч байхад энэ мэргэжил намайг аварч байсан. Хөдөө нутгаас шууд Европын том хотод очоод нутаг ус, гэр орноо санах их хэцүү. Тэгээд хичээл орж байхад хичээлийн сэдвийг даган яг л нутаг орны минь байгаль дэлхий харагдаад л, тэрэнд их тайвширч, сэтгэлийн их дэм авдаг байсан. Ажил дээр гарахад, цаг уурч хүн ажлынхаа үр дүнг өдөр бүр олон нийтэд шалгуулж байдаг. Өөрөөр хэлбэл, зүгээр л ард түмэн ажлыг нь дүгнээд өгчихдөг гэсэн үг. Цаг агаарын мэдээ гаргалаа, маргааш оносон уу, үгүй гэдэг нь шууд л нүдэнд ил. Өөр нэг онцлог бол энэ мэргэжил нэг үндэстний хүрээнээс хальсан мэргэжил, хамгийн энгийнээр хэлэхэд цаг уурын мэдээний кодыг аль ч улсын цаг уурын мэргэжилтэн тайлж уншаад, Монголд цастай, салхитай байна гээд шууд тайлна. Дээр нь, Цаг уурч гэдэг мэргэжил байнга өсөж дэвшиж байхыг шаарддаг онцлогтой мэргэжил. Дэлхий нийттэй хөл нийлүүлж алхах ёстой байдаг. Энэ нь хувь хүнийг хурцалж өгдөг, чадавхижуулж байдаг. Цаг уурч мэргэжлийг эзэмшээд, өөр олон салбарт амжилттай ажиллаж байгаа хүмүүсийн хараад энэ эзэмшсэн мэргэжлийнх нь ач тус гэж би бодож, бахархаж явдаг даа.
-Таны ажил, амьдралын үед тохиолдож байсан хамгийн сайхан дурсамжтай үеэ эргэн санавал?
-Цаг уурын хөгжлийн бүх шатанд шинэ техник технологи нэвтрүүлэх, шинэ ажлын эхлэлийг тавих гээд тоочих юм бол зөндөө олон дурсамж бий. Энэ бүхнээс хүний сэтгэлд ямар үйл явдал их тод үлддэг вэ? гэхээр “За бид ч хийж чадахгүй дээ, манай мэргэжилтнүүд дийлэхгүй байхаа, тэр гадаад орны мэргэжилтнүүд л чадна, мэднэ” гэж бодож байсан зүйлээ зориглоод хийгээд, нэвтрүүлж байх тэр мөч л их тод үлджээ. Тэр үедээ гуравдугаар үеийн гэж нэрлэгдэж байсан тооцоолон бодох электрон машиныг Монголд анх удаа оруулж ирж, ашиглаж байсан. Энэ нь социалист орнуудын хамтарч бүтээсэн, тухайн үедээ шилдэгт тооцогдож байсан шинэ техник байв. Анхандаа “тэр машин 24 цагаар тасралтгүй ажиллаад, үлэмж их хэмжээний мэдээллийг боловсруулж чадах уу, машин зогсоно, эвдрэл гарна, засвар үйлчилгээ хийх ёстой, тасралтгүй, цагтай уралдсан ажилд ажиллуулж чадахгүй байх” гэсэн эргэлзээ их байдаг, тэр эргэлзээ мэргэжил нэгт гадаадын нөхдүүдээс голдуу гардаг байж билээ. Бид тэр бодлыг эвдэж, ганцхан машинаар 24 цагийн турш тасралтгүй ажиллах горимд оруулж чадсан. Мөн тооцоолон бодох машиныг тэр үед бичгийн машинаар удирддаг байхад манай инженерүүд түүнийг дэлгэцтэй монитороор удирддаг болгон сайжруулж байх жишээтэй. Энэ бүгд миний сэтгэлд их тод үлдэж дээ.
-90 жилийн түүхтэй энэ том албанд ажиллаж байгаагаараа би хувьдаа бахархаж явдаг. Цаг уурын албыг сүндэрлүүлсэн ахмад үеэ дурсахад?
-Яг нарийн яривал Монголын Ус цаг уурын алба маань гараанаасаа эхлээд тэр үеийн ЗХУ-ын албаны байдлаар ажиллаж байсан. Анхан шатны нэгжээс эхлээд орос мэргэжилтнүүд ажиллаж байсан. Гэтэл тэр үед Д.Түвдэндорж, Б.Мягмаржав, Ш.Жадамбаа, Б.Жамбаажамц, Авирмэд нар маань гадаадад сургууль төгсч ирсэн анхны дээд мэргэжлийн хүмүүс байлаа. Араас нь Хоржав, Нямжав, Найдан гээд олон боловсон хүчин гарч ирсэн. Энэ бүх хүмүүс л цаг уурын албаны хөгжлийн гараан дээр зогсч, бүх л ачааг нуруун дээрээ үүрч байсан улс. Байхгүй юмыг буй болгож, маш олон тулгамдсан асуудлыг шийдэж байсан.
Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монголд олон яам, агентлаг байгуулагдаж, татан буугдаж байсан шүү дээ. Эдгээр ахмад удирдах хүмүүс маань улс орны нийгэм, эдийн засгийн байдал хүнд хэцүү тэр үед энэ албыг удирдаж, өнөөг хүртэл амжилттай оршин тогтнох суурийг нь бат бөх болгож өгсөн үнэхээр үлэмж их гавьяатай хүмүүс дээ. Тиймээс бид энэ хүмүүсийг зүгээр нэг энэ албаны удирдлагад байсан хүмүүс гэж ойлгож болохгүй.