Бүтээгдэхүүн үйлчилгээ
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйлчилгээ
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь байгаль орчин, эдийн засаг нийгмийн амьдралын хэвшилд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээд байгаа өнөө үед үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох сэргэх чадварыг дэмжиж, улс орны тогтвортой хөгжлийг хангахад чухал арга хэмжээ болох юм.
Цаг агаарын үзэгдэлд нөлөөлөх ажлын нэг хэсэг нь үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн оруулснаар хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах, хүн, газрын техник хүрч ажиллахад хүндрэлтэй ой, хөвч, тайгын түймрийг унтраах үйл ажиллагаа юм. Монгол орны дархан цаазтай болон тусгай хамгаалалттай газар нутгийн биологийн төрөл зүйл, ан амьтны идэш тэжээлийн асуудал ч мөн энд хамаатай болно.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа 1940 оны сүүлчээс эхлэн дэлхийн улс орнуудад хөгжиж эхэлсэн.
Анх 1946 оны 11-р сарын 13-ны өдөр АНУ-ын эрдэмтэн Винсент Дж. Шефер Массачусетс мужийн Беркшир уулын ойролцоо давхраат бөөн хэлбэрийн үүлэнд жижиг нисэх онгоцноос 1.5 кг орчим хуурай мөс буюу хатуу нүүрсхүчлийн хий оруулахад ойролцоогоор 5 минутын дараа 600 метр давхаргад цасан ширхэг бий болж эхэлсэн байна.
Энэ бол хүн төрөлхтний хүсэн мөрөөдөж байсан цаг агаарт зориудаар нөлөөлж болох итгэл найдварыг авчирсан анхны гайхамшигт туршилт болсон юм. Ню-Мексикт хийсэн атомын туршилттай эн зэрэгцэхүйц үйл явдал болсон гэж тухайн үед үзэж байжээ. Эрдэмтэн Шеферийн дээрх туршилт нь хур тунадас, үүлний физикийн салбарт 50 гаруй жил хийсэн судалгааны ажлын үр дүн байжээ.
ОХУ-д 1932 онд цаг агаарт нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх судалгааны эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулж байсан бол БНХАУ 1950 оноос анхны туршилтын ажил хийгдэж, 1956 оноос судалгааны ажлын төслийг баталж, 1958 оноос судалгаа туршилт-үйлдвэрлэлийн ажлыг хослуулан өнөөдрийг хүртэл хийж байна.
Умард Австрали, БНХАУ, ОХУ, Канад, Франц, Израиль, Япон, ХБНГУ, ӨАБНУ, Болгар, Афганистан, АНУ гэх мэт дэлхийн 90 гаруй оронд цаг агаарын зарим үзэгдэлд, /хур тунадас нэмэгдүүлэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах, нисэх онгоцны буудлын манан сарниулах г.м/ зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Зориудаар хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа нь нүүрс хүчлийн хий /CO2/, иодот мөнгөн /AgJ/-ний реагент /найрлага бүхий бодис/-ыг үүлэнд цацаж үйлчилснээр, тухайн үүлэнд тархсан реагентийн тоосонцорууд нь орчиндоо байгаа усан дуслуудыг өөртөө нэгтгэн томруулж бороо болгон газарт унах нөхцлийг бүрдүүлэхийг хэлнэ.
Иодот мөнгөний /AgJ/ реагентын бүтэц, үйлдвэрлэсэн технологи, аюулгүй ажиллагаа нь олон улсын техникийн “ISO” стандартын шаардлага хангаж, амьтан ургамал, байгаль орчинд хор хөнөөлгүй, уг бодисын үйлчилгээгээр орсон хур тунадас нь эерэг нөлөөтэй болохыг Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоон дээрх зориулалтаар ашиглахыг зөвшөөрсөн байдаг.
Манай улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлтэй тэмцэх талаар дэлхийн улс орнуудад хэрэгжүүлж байгаа дэвшилтэд арга хэмжээг өөрийн оронд туршин ашиглах зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлөх Эрдэм шинжилгээ туршилт үйлдэрлэлийн “Хурын шим” төвийг 1990 онд байгуулсан.
Тус төв нь Монгол оронд ажиглагддаг үүлний бичил бүтэц, физик үзүүлэлтүүдийг судалж таримал ургамлыг мөндрөөс хамгаалах, хөрсний чийг, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ой хөвчид гарсан түймрийг унтраахад туслах зорилгоор зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг байнга явуулсаар ирлээ.
Монгол улсын Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор ,"Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр"-ийг батлан гаргасан бөгөөд энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.