Бидний тухай
- Удирдлагын мэндчилгээ
- Байгууллагын танилцуулга
- Үе үеийн удирдлагуудын товч намтар
- З.Батжаргал
- Доктор, Проф.Ц.Адъяасүрэн
- Шаравдоржийн Жадамба
- Д.Хоролжав
- Доктор Б.Мягмаржав
- Долодын Түвдэндорж
- Лувсанравдан Баясах
- Академич Шагдарын Цэгмид
- Жашжидийн Ишцог
- Баярын Жаргалсайхан
- Доктор Ж.Дүгэрсүрэн
- Түүхэн замнал
- Бүтэц зохион байгуулалт
- Удирдлага
- Хэлтсүүд
- Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс
- Урьдчилан мэдээлэх хэлтэс
- Архив, мэдээллийн сангийн хэлтэс
- Орчны шинжилгээний хэлтэс
- Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс
- Захиргаа, аудитын хэлтэс
- Салбар байгууллагууд
- Орон нутаг дахь харьяа байгууллагууд
- Байгууллагын зорилго,зорилтууд
Баярын Жаргалсайхан
Урианхайн Б.Жаргалсайхан төрд хагас зуун жил зүтгэснээс дөчөөд жил нь дипломат алба хашжээ. Товчилвоос, өнгөрөгч зууны хорь, гучаад он буюу шинэ хуучны эгзэгтэй заагт, цаг үеийн дуудлагаар тодорч тэрхүү ороо бусгаа, оргилуун, дэврүүн цагийнхаа шийрийг хатааж, бие сэтгэлээ улс Монголдоо ул мөртэй зориулсан XVI жарны цөөхөн нэрт сэхээтний нэг байсан юм.
Баярын Жаргалсайхан /1915-2005 оны 10 дугаар сарын 24/ нь Гадаад Явдалын яамны сайд байсан, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цолтой дипломатч юм. Тэрээр Дорнод аймгийн Халхгол суманд төржээ. 1925-1929 онд хошууны бага сургууль, 1929-1930 онд Хэнтий аймгийн дунд сургууль, 1930-1933 онд Намын төв сургууль, 1937-1940 онд Москва хотын Дорно дахины дээд сургуульд тус тус суралцаж төгссөн.
Б.Жаргалсайхан нь Монгол Улсын гадаад харилцааны салбарт 1941 оноос эхлэн 40 гаруй жил ажиллахдаа Засгийн газрын протоколын эрхлэгч, Гадаад явдлын яамны Ёслолын хэлтсийн дарга, нэгдүгээр орлогч сайд, сайд, МАХН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсийн дарга, БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-аас БНХАУ, Чехословак, Франц, Египет, Алжир, Энэтхэг улсад суугаа Элчин сайд, НҮБ-ын дэргэдэх Байнгын төлөөлөгч зэрэг өндөр хариуцлагатай албыг хашиж байв.
Тэрбээр 1961 онд Монгол улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, улмаар НҮБ-ын дэргэд суугаа анхны Байнгын төлөөлөгчөөр ажилласан юм. Мөн Ардын Их Хурлын 1,2,3,4,7 дахь удаагийн сонгуулиар АИХ-ын депутатаар сонгогдож, АИХ-ын дарга, Гадаад хэргийн байнгын комиссын дарга, Дэлхийн энхтайвныг хамгаалах байнгын хорооны гишүүний сонгуульт ажлыг гүйцэтгэж иржээ.
Б.Жаргалсайхан нь 1948-1949 онд Ус цаг уурын албаны даргаар ажилласан хугацаандаа өөрийн дурсамжаа ийнхүү дурджээ.
…1940 онд намайг Шинжлэх ухааны хүрээлэнд очиход цаг уурын алба тус хүрээлэнгийн газар зүйн кабинетын харъяанд байсан юм. Мэргэжилтэн Мурзаев гуай цаг уурын албыг бие даасан газар болох ёстой хэмээн ярьдаг байлаа. Удалгүй Цаг уурын товчоо байгуулагдаж, сүүлдээ Сайд нарын Зөвлөлийн харьяанд бие даасан хороо болов. Хүрээлэнд дахин очиход минь намайг Ус цаг уурын хорооны даргаар хавсарган томилж билээ.
Эхний үед Хүрээлэнгийн ажил надад цаг уурын талаар ажиллах боломж тун бага олгож байв. 1948 онд би Зөвлөлтийн болон Энэтхэгийн цаг уурын албатай танилцаж ирсэн юм. Түүний дараа цаг уурын алба нь ард түмний аж ахуйд ихээхэн ач холбогдолтой болохыг ямар нэгэн хэмжээгээр ойлгон ухаарч, хоёр газрын аль алиныг бодохоос өөр аргагүй болж билээ. Чингээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, тус газрыг аж ахуйн зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх зарим арга хэмжээ авч эхлэв.
...Зөвлөлтийн дээд сургуульд хүн илгээх, орон нутгийн ажиглагчдыг бэлтгэх курс байгуулж, төгссөн хүмүүсээ зөвлөлтийн станцуудад дагалдуулан сургах болов. Мөн Улаан хуарангийн орчинд байсан орос цэргийн хоёр дүнзэн байшинг авч Хороогоо оруулав. Зөвлөлтийн станцад олон жил ажилласан Шагдарыг хорооныхоо орлогч даргаар тавив. Мэргэжил, туршлагын хувьд тэрээр тухайн үедээ урдаа барих хүний нэг байсан юм. Хөдөөгийн цаг уурын станцыг эргэх, зөвлөлтийн станцуудыг монголынх болгон шилжүүлэн авах ажлаар би нэлээд олон аймгаар явж, байдалтай танилцав. Манай нутаг дээр зөвлөлтийн 20-иод станц ажиллаж байсан бөгөөд боловсон хүчин, аж ахуй, тоног төхөөрөмжийн дутагдалтай байдлаас болж бид тэдгээрийг бөөнөөр нь хүлээн авах боломжгүй байсан учир арга буюу нэг нэгээр нь увуулж цувуулан авч байлаа.
Мөн Хужиртын рашаан амралт, Бургалтайн туршлага станц зэрэг зарим шаардлагатай газар ажиглагчид нь үе үе хоол хүнсээр тасалдаж, хүнд байдалд орно. Нэгэн удаа Тамсаг, Чойроор явж байхдаа би аргаа барахдаа ойр орчноос нь зээр буудаж, тэднийг хоолтой залгуулж байж билээ. Дээхэн үедээ манайхан цаг уурын албаны талаар нэлээд бүдүүхэн ойлголттой байв. Орон нутгийн удирдах хүмүүстэй уулзахад тэд: “Танай энэ хүмүүс чинь цаг агаарын талаар бидэнд юу ч хэлж өгөхгүй байна. Хараад байхад зүгээр сууж байгаа мөртлөө ажилд дайчлахад бид цагийн хуваарьтай ажилладаг гээд цааргалаад байх юм” хэмээн гомдол гаргана. Цаг уурын алба бол хүний нүдэнд харагдах, гарт баригдах юм бүтээхгүй мэт боловч түүний үйлчилгээ нь ямар ч үйлдвэр, аж ахуйн газраас дутуугүй үр өгөөжөө тойруу замаар өгч байдаг онцлогтой болохыг сүүлдээ манайхан дээгүүр доогуур ойлгож эхэлсэн юм.
1948 оны намар Дэлхийн цаг уурын байгууллагын Азийн бүсийн анхдугаар бага хурал Делид болов. Ус цаг уурын хорооны даргын хувьд би тус бага хуралд ГЯЯ-ны Санжмятавын хамт оролцсон юм. Тэр үеийн зам харилцааны байдал бэрхшээлтэй, Энэтхэг ороход л зөвхөн очих, ирэх замдаа бүтэн сар явж билээ. Афганистаны нутгийг автобусаар огтолж, алдарт Хайбирын даваан дээр гарахад Пакистаны нутаг харагдана. Олон мянган жилийн өмнөөс Энэтхэгийн хаалга болж ирсэн энэ даваагаар 720 жилийн тэртээ монгол хүн морьтойгоо давж байсан хэмээн бодоход сэтгэлд юу эс орох вэ. Тийнхүү автомашин, галт тэрэг сэлгэж явсаар Шинэ Дели оров. Энэтхэг орон тусгаар тогтнолоо тунхаглаад дөнгөж жил болж байв. Тэр цагийн Энэтхэг орон одоогийнхтой зүйрлэх аргагүй өөр байжээ. Тэр үе бол Энэтхэг, Пакистан хоёр дайтаж, тэдний их бууны дуу хилийн тус газар сонсогдож байв.
Тэр бага хурал бол манай тусгаар тогтносон улсын хувьд анх удаа олон улсын хамтын ажиллагаанд оролцож, хурал чуулганд нь суух түүхт бөгөөд хариуцлагатай ажлын эхлэл байсан болов уу. Хурлын завсарлагаар төлөөлөгчдийг Бомбей, Пуна зэрэг газраар аялуулж, Энэтхэгийн Цаг уурын алба, эрдэм шинжилгээний газруудтай танилцуулав. Англи маягаар зохион байгуулагдаж, тоноглогдсон Энэтхэгийн Цаг уурын шинжилгээний газар нь өөрийн бие даасан цаг уурын албатай болох гэж байсан нь манайд байтугай зөвлөлтийн мэргэжилтэн нарт ч их сонин бөгөөд шинэ зүйл байж билээ.
Нэгэн өдөр тус бага хурлын төлөөлөгчдийг Энэтхэгийн Ерөнхий сайд Жэвахарлал Неру хүлээн авч зоог барив. Энэ бол миний хувьд гадаад улсын өрийн Тэргүүнтэй анх удаа шууд нүүр учирч буй хэрэг. Дайллаган дээр тэрбээр бидэнтэй зориуд уулзаж “Монголын төлөөлөгчидтэй Делид уулзаж байгаа нь надад онцгой тааламжтай байна” гэж хэлж байв. Тэр үгийг тухайн үед нь би ердийн дипломат үг гэж бодож байсан бол олон жилийн хойно Нэгдсэн Үндэстний байгууллагын чуулганы үеэр тэр хүний тэр үг үнэн сэтгэлийн үг байжээ гэдгийг сая ойлгосон юм.
Манай улсын НҮБ-д гишүүнээр элсэх асуудал зохиомол бэрхшээлтэй тулгаран олон жилээр хойшлогдож байгааг НҮБ-ын индер дээрээс эрс шийдвэртэй буруушааж, Монголын төлөө нэр хүнд, дуу хоолойгоо нэмэрлэж байсан цорын ганц олон улсын улс төрийн нэрт зүтгэлтэн бол энэ л хүн байсан юм. Мянган жилийн түүхтэй Монгол, Энэтхэгийн уламжлалт харилцаа шинэ цагийн шинэ нөхцөлд сэргэн тогтнохын эхэн үед Жагар орны хаалгыг анх татаж, Жэвахарлал Нерутай уулзаж явснаа би хожим түүгээр удаа дараалан очиж байхдаа ч, урт удаан хугацаагаар тэнд ажиллаж, амьдарч суухдаа ч байн байн санадаг л байлаа. Анх төрсөн сэтгэгдэл арилдаггүй гэдэг үг ортой байж таарна.
Дээр өгүүлсэн дурсамжийг түүний бичсэн “Алаг жарны бодрол” номноос ишлэн орууллаа.