Бидний тухай
- Удирдлагын мэндчилгээ
- Байгууллагын танилцуулга
- Үе үеийн удирдлагуудын товч намтар
- З.Батжаргал
- Доктор, Проф.Ц.Адъяасүрэн
- Шаравдоржийн Жадамба
- Д.Хоролжав
- Доктор Б.Мягмаржав
- Долодын Түвдэндорж
- Лувсанравдан Баясах
- Академич Шагдарын Цэгмид
- Жашжидийн Ишцог
- Баярын Жаргалсайхан
- Доктор Ж.Дүгэрсүрэн
- Түүхэн замнал
- Бүтэц зохион байгуулалт
- Удирдлага
- Хэлтсүүд
- Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс
- Урьдчилан мэдээлэх хэлтэс
- Архив, мэдээллийн сангийн хэлтэс
- Орчны шинжилгээний хэлтэс
- Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс
- Захиргаа, аудитын хэлтэс
- Салбар байгууллагууд
- Орон нутаг дахь харьяа байгууллагууд
- Байгууллагын зорилго,зорилтууд
Академич Шагдарын Цэгмид
Шагдарын Цэгмид нь 1923 онд Улаанбаатар хотод төрсөн. 1948 онд Москвагийн их сургуулийг төгсчээ. 1951 онд “Хэнтийн уулархаг орны физик газарзүй, эртний мөсдөл” сэдвээр боловсролын доктор, 1962 онд“Монгол орны физик газарзүйн мужлал” сэдвээр шинжлэх ухааны докторын зэргийг хамгаалсан, 1974 онд Академич цол хүртсэн байна.
Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, 1984 онд БНМАУ-ын төрийн шагнал, 1996 Сүхбаатарын одонгоор шагнагдаж байжээ.
1941 онд Шинжлэх ухааны хүрээлэнд дагалдан сурагч, 1951-1953 онд тус хүрээлэнгийн Газарзүйн тасгийн эрхлэгч, 1953-1956 онуудад Ус цаг уурын хорооны дарга, 1956-1957 онуудад Байгалийн ухааны секторын эрхлэгч, 1957 онд Шинжлэх ухаан, Дээд боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1962-1988 онуудад Газарзүй, Цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны захирал, 1988-2004 онуудад Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, 1988-2004 Газарзүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөхөөр ажиллаж байсан.
Тэрбээр БНМАУ-ын АИХ-ын 4, 5, 7 дахь удаагийн сонгуулиар депутат, 1963-1966 онуудад АИХ-ын тэргүүлэгч гишүүн, 1975-1987 онуудад Монгол-Японы нийгэмлэгийн дарга, 1976-1980 онуудад Монголын Шинжлэх ухааны ажилтны холбооны дарга, 1980-1985 онуудад Монголын Парламентын бүлгэмийн нарийн бичгийн дарга, 1975-1987 онуудад Эрдмийн зэрэг, цол олгох улсын комиссын нарийн бичгийн дарга, 1975-1987 онуудад Төрийн шагналын хорооны нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын орлогч дарга зэрэг сонгуульт ажилд томилогдон ажиллаж байв.
Тэрээр 2002 онд хэвлүүлсэн “Санаанд үлдсэн хэсэг бусаг зүйл” хэмээх өөрийн дурсамжийн номондоо Ус цаг уурын хорооны даргаар ажиллаж байсан тухайгаа дурссаныг дор сийрүүлье.
...Геологич Ш.Цэвэгтэй хамтран Алтай Таван Богд, Хяргас нуур, Орог нуур гэх мэт бус нутгаар судалгаа хийж, тэндхийн палеогазарзүйн талаар жаал зугаа материал бүрдүүлж байтал эрдэм судлалын ажлаа түр боловч хойшлуулахад хүргэсэн санаандгүй явдал болох нь тэр. Үнэнхүү огт бодоогүй, төсөөлөөгүй үйл явдал бол Ус цаг уурын хорооны даргаар гэнэт томилогдсон явдал юм. Цаг уурын судалгаагаар оролдоно, тэр тусмаа удирдах ажил хийнэ гэдэг ухаанд үнэхээр байгаагүй. Удирдах зохион байгуулах ажил хийж үзээгүй, дур ч үгүй байсан болохоор бүр балмагдаж билээ. Тэр үед ус, цаг уурын мэргэжилтэн ер байсангүй. Энэ байгууллагын даргын ажлыг Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга хавсран хийж байгаад 1951 оноос мэргэжлийн бус ч гэсэн удирдах ажлын туршлагатай Ишцог гэдэг хүнийг даргаар томилж байжээ. Гэвч түүнийг яагаад ч юм өөрчлөх хэрэгтэй болсон бололтой. Тэгээд цаг уур судлал гэдэг газарзүйн ухааны нэг салбар болохоор газарзүйн хүн уг ажилд тохирох ёстой гэж үзсэн юм болов уу даа.
Монголчууд олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхлэхдээ газар нутгаа хэнээс ч илүү сайн мэддэг, тэнгэрийн байдлыг үргэлж ажиглаж ган, зуд мэт байгалийн хөнөөлт үзэгдлийг урьдчилан шинжиж мэддэг авьяастай улс хэдүй ч цаг уурыг тогтмол судалж, түүнийгээ эмхэтгэн дүгнэдэг тусгай байгууллага 1930-аад он хүртэл тус оронд байгаагүй.
Гэтэл цаг агаарын байдлыг нарийвчлан мэдэх нь ард олны ахуй амьдрал, аж ахуйн ажил, улс орныг батлан хамгаалах үйл хэрэгтэй их холбоотой учир цаг уурыг байнга ажиглаж, түүний өөрчлөлт хувьслыг шинжлэх ухааны үндэстэй тогтоодог газартай байхыг цаг үе шаардсаар байжээ. Хөгжилтэй орнуудад тийм газар аль XIX зуунаас бий болсон туршлага ч сургамжлаад байж. Харин боловсон хүчин, техник, санхүүгийн бололцоо бүрдээгүй байсан тул ЗХУ-ын тусламжинд тулгуурлах хэрэгтэй болжээ. Зөвлөлт улс туслах сонирхол ихтэй байсан нь лав. Яагаад гэвэл Монголын уудам их нутагт цаг агаарын судлалын хувьд цулгүй цагаан байсан нь наад зах нь Ази тивийн хойд, дунд хэсгийн уур амьсгалын түргэн зуурын болоод удаан хугацааны хувирлыг урьдчилан хэлэхэд багагүй саад болж байсан нь маргаангүй. Тэгэхлээр тийм нутагт шинжилгээ хийх нь нийтийн ашиг сонирхлын зүйл яах аргагүй мөн байлаа. 1935 онд хоёр улсын хооронд “Ус цаг уурын шинжилгээний талаар хамтран ажиллах хэлэлцээр” байгуулагдаад тэр дагуу 1936 оноос эхлэн Улаанбаатар, Чойбалсан, Улиастай, Ховд, Цэцэрлэг, Өндөрхаан, Даланзадгад гэсэн хэдэн хотод цаг уурын шинжилгээний станцыг Зөвлөлт холбоот улсын Ус цаг уурын албаны газар өөрийн хүч хөрөнгөөр байгуулж өгсөн нь цаг уурын шинжилгээ судалгааны ажлын эхлэлийг Монголд бий болгожээ. Үүний дараа Монголд Ус цаг уурын хороог Сайд нарын зөвлөлийн дэргэд байгуулсан юм байна. Тэгээд манай тал боловсон хүчнээ бэлтгэж бэлэн болгосон цагт уг станцуудыг тус улсад дэс дараатайгаар үнэ төлбөргүй шилжүүлж өгөх ёстой аж. Үүний дагуу Ус цаг уурын хорооны дэргэд ажиглагчдын түр сургууль байгуулж, цаг уурын анхан шатны мэдлэгтэй хорь, гучаад хүнийг бэлтгэсэн бөгөөд тэр үндсэн дээр Зөвлөлтийн тал станцуудыг ганц нэгээр шилжүүлж өгч байжээ. Намайг даргаар томилогдон очиход ажил дөнгөж эхлэлтийн байдалтай, хороо ч хариугүй жижиг байгууллага байлаа. Зохион байгуулалт гэвэл станцуудыг удирдах хэлтэс, материал боловсруулах хэлтэс гэсэн 2 салбартай, аж ахуй, бичиг хэргийн 2-3 хүнтэй байв. Цаг уурын өндөр мэргэжилтэй хүн байсангүй. Зөвхөн 1955 онд Зөвлөлт улсад цаг уурын техникум төгсөж, дунд мэргэжилтэй болсон Мөнхжанцан гэгч хүн ирж байлаа. Харин Ленинград, Одесс хотуудад 2-3 хүн сурч байв. Цаг уур, уур амьсгал судлалын талаар миний мэдлэг тун ерөнхий, ялангуяа энэ чиглэлийн судалгааны ажлын талаар мэдэж байсан ганц зүйл маань газар орны уур амьсгалыг сайтар судалж, ул үндэстэй нарийвчилсан мэдээ гаргахад нэгж талбай дахь шинжилгээний станцууд нь шигүү байршилтай байх учиртай гэсэн ойлголт л байсан юм. Тэр үеийн байдлыг харахад ийм шаардлагад хүрэх тун хол байх шиг, харин хэрхэн яаж хүрэхийг мэдэхгүй байлаа. Ямар ч байсан их хүч, хөрөнгө хэрэгтэй болох байх, Зөвлөлт улсын байгуулсан арван хэдэн станцыг бүгдийг хүлээж аваад ч зорилго хангагдахгүй нь гэдгийг муухан төсөөлж байснаас цаашгүй. Гэвч ихийг багаас эхэлдэг жамтай болохоор Зөвлөлтийн Ус цаг уурын товчооны мэдлийн станцуудыг дараалан хүлээн авч, хүмүүсийг бие дааж ажиллахад нь туслах талаар анхаарч байлаа. Цаг уурын станц нь өдөр шөнөгүй тодорхой цагуудад ажиглалт хийдэг ёстой тул ажиглагчид багаж, хэрэгслийн заалтыг үнэн зөв тэмдэглэж авахаас эхлээд хариуцлага өндөртэй байх шаардлагатай байдаг. Үүнийг бас анхаарахгүй байж болохгүй асуудал юмсанж.
Гэвч боловсон хүчний дутагдалтай, материаллаг бааз муутай жижиг газар Сайд нарын Зөвлөлийн шууд мэдэлд байх нь түүнд ахадсан хэрэг юм. Байгууллагыг хөл дээр нь баттай зогсооход дээд газрын ивээлээс гадна өдөр тутмын, зарим үед аар саар ч гэмээр туслалцаа шаардлагатай нь харагдаж байсан тул эхлээд томоохон яам газрыг түшиглүүлсэн нь дээр юм уу ч гэж бодогдож байтал Ус цаг уурын хороог Шинжлэх ухааны хүрээлэнгийн харъяанд шилжүүлэх тогтоол гарч билээ. Энэ арга хэмжээ тус хорооны статусыг бууруулсан боловч материаллаг баазын хангамжийг сайжруулах, ажиглалт, судалгааны ажлыг шинжлэх ухааны гольдрилд оруулахад тодорхой хувь нэмэр болсон байх. Энэ хугацаанд эрдэм шинжилгээний ажлаа огт орхилгүй, зав чөлөө гарвал л түүнийг оролдож байсан боловч сэтгэл яах аргагүй дундуур явдаг тул эрдмийн ажлаа дагнан хийхийг эрмэлзсээр байлаа. Тэгээд дээд газарт өргөсөн хүсэлтийг минь ёсоор болгож өгсөн тул 1956 оны дундуур Ус цаг уурын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Шинжлэх ухааны хүрээлэнгийн газарзүйн тасагт эргэж ирсэн билээ...”