Бидний тухай
- Удирдлагын мэндчилгээ
- Байгууллагын танилцуулга
- Үе үеийн удирдлагуудын товч намтар
- З.Батжаргал
- Доктор, Проф.Ц.Адъяасүрэн
- Шаравдоржийн Жадамба
- Д.Хоролжав
- Доктор Б.Мягмаржав
- Долодын Түвдэндорж
- Лувсанравдан Баясах
- Академич Шагдарын Цэгмид
- Жашжидийн Ишцог
- Баярын Жаргалсайхан
- Доктор Ж.Дүгэрсүрэн
- Түүхэн замнал
- Бүтэц зохион байгуулалт
- Удирдлага
- Хэлтсүүд
- Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтэс
- Урьдчилан мэдээлэх хэлтэс
- Архив, мэдээллийн сангийн хэлтэс
- Орчны шинжилгээний хэлтэс
- Санхүү, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтэс
- Захиргаа, аудитын хэлтэс
- Салбар байгууллагууд
- Орон нутаг дахь харьяа байгууллагууд
- Байгууллагын зорилго,зорилтууд
Доктор Б.Мягмаржав
Мягмаржав XVI жарны модон гахай жилд буюу 1935 оны 9 дүгээр сарын 16-нд Засагт хан аймгийн Дамдин Авшаа гүний хошуу, одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын нутагт Тодно овогт Бавуу гуайн хүү болон мэндэлжээ. Тэрээр 1954 онд нийслэлийн хоёрдугаар дунд сургуулийн хөвгүүдийн ангийг, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын уугуул О.Цэрэнчимэд гуай (гэргий) мөн онд нэгдүгээр сургуулийн охидын ангийг тус тус дүүргэж байжээ.
Дунд сургуулиа төгсөөд Шинжлэх ухааны хүрээлэнгийн /ШУХ/ нэр дээр гадаадад суралцах хуваарь аваад ШУХ дээр иртэл боловсон хүчин нь:
-Ямар мэргэжил эзэмших сонирхолтой байна хүү минь?
-Геологи гэхэд нь Геологийн хуваарь байхгүй хүү минь түүнээс дутахааргүй гидрологи гэдэг сайхан мэргэжлээр суралц хэмээн санал болгоход нь зөвшөөрсөн гэдэг.
Ийнхүү 1954 оны намар Ленинград хотноо Ус цаг уурын дээд сургуульд элсэн орж суралцсанаар Ус цаг уурын байгууллагатай хувь заяагаа бөхөөс бөх холбох эхлэл нь болсон байна. 1959 оны зун диплом өвөртөлсөн, ромбо гялалзуулсаар УЦУШХ-ны дарга Л.Баясахад бараалхан усны шинжилгээний станцын дарга-инженер гэдэг албан тушаалд томилогдсон аж.
Тэрээр оюутан ахуй цагаа дурсахдаа “Намайг Ленинград хотноо Ус цаг уурын дээд сургуульд очиход Д.Түвдэндорж, Б.Жамбаажамц, Ш.Жадамба нар ахлах ангийн онц сурдаг оюутан, сургууль багш нартаа нэр хүндтэй хүмүүс болчихсон байлаа. Ийнхүү шинэ оюутан С.Авирмэд бид хоёр тэд нарын нэр хүндийг хугалахгүйн тулд хичээнгүйлэн сайн суралцахаас өөр замгүй болсноо хоорондоо ярилцан, зөвшилцөж байсан удаа ч бий. Энэ нь ах хүнээс айх, эмээх бидний эцэг эхээс өгсөн хүмүүжлийн илрэл байсан билээ” гэж билээ. Энэ бол зөвхөн манай эдгээр “Ууган” оюутан нартай холбоотой уламжлал байгаад зогсоогүй хожим Ленинград, Санкт-Петрбург хотын Ус цаг уурын Их сургуулийн үе үеийн оюутан залууст уламжлагдаж ирснийг дурсахад таатай.
Б.Мягмаржав гуай ЗСБНХУ-ын Ленинград хотын (хуучин нэрээр) Ус цаг уурын дээд сургуулийг 1959 онд “Эх газрын ус судлал”-ын инженер мэргэжлээр төгсөж, Монгол улсад ус судлалын “Анхны” инженер болсон түүхтэй.
Энэ үед ЗХУ-ын Ус цаг уурын албаны харъяа Монгол дахь товчоог 1946 оны гэрээ ёсоор зөвлөлтийн тал өөрийн боловсон хүчин, хөрөнгөөр бүрэн хангаж, хүлээлгэн өгч байв. Усны шинжилгээний станцын дарга-инженерээр ажиллаж байсан Е.М.Старостинагаас ажлыг нь хүлээн авч уг станцын монголын анхны дарга болжээ. Энэ цаг үеэс Монголд Ус цаг уурын шинжилгээний сүлжээг өргөжүүлэх, ажиглалтын хөтөлбөрийг нэр, төрлийн хувьд баяжуулах, Ус судлал, цаг уурын Үндэсний судалгааг эхлүүлэн, төгөлдөржүүлэх нөр их ажлын эхлэлийг тавьжээ.
Усны шинжилгээний хэлтэст 1959-1962 онд техникч Р.Шагдар, П.Нямжав, С.Ширбазар, Л.Өлзийбат, С.Гомбодорж, Ж.Тогооч нар хамт ажиллаж байжээ. Тэр үед манай орны 19 гол дээр ус судлалын 23 харуул ажиллаж байсан бөгөөд голын усны горимын үндсэн элементүүдийг багажийн аргаар хэмжиж тодорхойлох сүлжээний суурь тавигдаж, усны нөөц, горимын 20 гаруй жилийн мэдээ сэлт бүрдсэн байжээ.
Б.Мягмаржав 1962 онд УЦУАУГ-ын нэгдүгээр орлогч даргаар томилогдон, Дэлхийн цаг уурын байгууллага, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол улсад Ус цаг уурын салбарыг хөгжүүлэх төсөл, буцалтгүй тусламжийг хэрэгжүүлсний үр дүнд өнөөгийн сүлжээний үндсэн суурь бэхжсэн байна.
Эдгээр ууган инженер, анхны дарга нарын санаачлага, үе үеийн ус судлаач нарын үр бүтээлч үйл ажиллагаагаар Усны хяналт-шинжилгээний сүлжээ эдүгээ харуулын тоогоор 6.5 дахин нэмэгдэж, гол мөрөн, нуур, мөстөл, мөсөн гол, газар доорх ус, усны хими, биологи, изотоп зэрэг төрөл бүрийн чиглэлээр өргөжин хөгжих үндсийг тэр үед тавьж байжээ.
Манай ус судлаачдын анхны эрдэм шинжилгээний бүтээл 1964 онд Б.Мягмаржавын “Гол мөрний урсацын норм”, Х.Нацагдоржийн “Монгол орны голуудын мөсний горим”, “Монгол орны голуудын дулааны горим” зэрэг өгүүллэг нийтлүүлснээр эхэлсэн түүхтэй. Энэ үе бол Ус цаг уурын чиглэлээр эрдэм шинжилгээний байгууллага байгуулагдах хэрэгцээг харуулсан угтвар нөхцөл болж байжээ. 1966 онд УЦУШИ байгуулагдаж, тус хүрээлэнгийн анхны захирлын албыг Б. Мягмаржав гуай олон жил хавсран гүйцэтгэж байжээ.
Б. Мягмаржав 1975-1981 онд МУИС-ийн цаг уурын тэнхимийн эрхлэгчийн албыг хавсран хашиж байв.
Тэрээр 1981-1987 онд УЦУАУЕГ-ын даргын албан тушаалд тохоон томилогдож, Д.Түвдэндорж, Ш.Жадамба нарын идэвх зүтгэлээр бүрдсэн албаны нэр хүнд, үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлжээ.
Энэ үед агаар мандал, усан мандлын зүй тогтол, хувьслыг судлан мэдээлдэг байгууллагын хувьд эдгээрийг нэг талаас дэлхийн уур амьсгалын дулаарал, нөгөө талаас агаар, ус, хөрсний бохирдолтой холбон судлах, дэлхийн улс орнуудын хандлагатай нийцүүлэн албанаас хөгжүүлэх бодлогыг тэрээр баримтлан ажиллаж, Агаар мандлын дээд давхаргыг /100 км хүртэл/ судлах пуужинт станц байгуулах хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажилд З.Батжаргал, Д.Хоржав нарын хамт нэлээд хүч хөдөлмөр зарж байж ашиглалтад оруулж байлаа.
ДЦУБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Вийн Нилсоныг 1982 онд, тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Г.О.П.Обасиг 1986 онд Засгийн газрын урилгаар Монголд айлчлах ажлыг санаачлан зохион байгуулж, хамтын ажиллагаа хөгжүүлэх протоколд гарын үсэг зурсан юм.
Социалист орнуудын Ус цаг уурын албадын дарга нарын зөвлөлгөөний хүрээнд шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч байв. Түүнчлэн ЗХУ-ын Ус цаг уур, орчны хяналтын улсын хороотой хоёр талын шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэн жил бүр аль нэг талдаа уулзалт зохиож, үр дүнг хэлэлцэх ажлын эхэлэлийг ийнхүү тавьжээ.
“БНМАУ-ын Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар, БНХАУ-ын цаг уурын төв газрын хооронд цаг уурын мэдээ солилцох, Улаанбаатар-Бээжингийн цаг уурын телеграфын сувгийн ажлын тухай” протоколд гарын үсэг зурснаар хоёр орны хооронд солилцох цаг уурын шуурхай мэдээллийн тоо хэмжээг нэмэгдүүлж, цаг агаарын прогноз зохиоход ашигладаг мэдээлэл өргөн уудам нутгийг хамрах болж, манай албаны хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж байв.
Дэлхийн хөгжлийн чиг хандлага, манай орны нийгэм, эдийн засгийн хөгжил, байгаль орчныг хамгаалах шаардлагатай уялдан байгаль орчны асуудал тулгамдаж байв. Энэ нь 1987 онд биеллээ олж, төрийн яамд, улсын хороод, тусгай газрын бүтэц зохион байгуулалтыг цомхотгон шинэчилж, Байгаль орчныг хамгаалах яамыг түүхэндээ анх удаа байгуулсан юм. БОХЯ-ны нэгдүгээр орлогч сайдаар Б. Мягмаржав томилогдон ажиллав.
Шинэ яам “Хийн мандлын агаарыг хамгаалах тухай хууль”, “Недрийн хууль” зэргийг боловсруулж АИХ-аар батлуулж, “Говь”, “Ой мод”, “Орчны бохирдол” зэрэг 7-8 зорилтот хөтөлбөр боловсруулан гаргаж байжээ. Энэ бүхэн Байгаль, орчныг хамгаалах, нөөцийг зохистой ашиглан хойч үедээ өвлүүлэн үлдээх, орчин үеийн ногоон хөгжлийг цогцлоох нөр их үйлсийн үндэс суурь болсон юм.
Энэ их ажлын зэрэгцээ тэрээр 1975-2002 онд Газарзүйн ухаанаар эрдмийн цол зэрэг хамгаалах зөвлөлийн гишүүн, 1984-1988 онд ДЦУБ-ын Азийн бүсийн холбооны дэд ерөнхийлөгч, 1985-1990 онд Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн дарга, 1981-1990 онд Монголын байгаль хамгаалах нийгэмлэгийн тэргүүлэгч, 1995-2008 онд ШУА-ийн Газарзүй, геологийн бага чуулганы гишүүн зэрэг шинжлэх ухаан, олон улсын болон олон нийтийн байгууллагын сонгууль хүлээж байсныг тэмдэглэх хэрэгтэй юм.
Хожим 1991-1995 онд Усны бодлогын хүрээлэнг БОЯ-ны шийдвэрээр байгуулж, тэнд Эрдэмтэн нарийн бичгийн даргаар ажиллаж байв.
Төр засаг Б.Мягмаржавын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн хүндэт медаль, ойн медалиудаар шагнаж байжээ.
Түүний хөдөлмөр, бүтээлийг үнэлж, Ус цаг уурын хүрээлэн 2001 онд “Б.Мягмаржавын нэрэмжит Ус судлаачдын шагнал”-ыг олгож байхаар шийдвэрлэжээ.
Б.Мягмаржав гуай бол зарчимч шаардлагатай, хүнлэг энэрэнгүй, соёл, түүх, уламжлалаа дээдлэн хүндэлдэг, мэргэжилдээ чин үнэнч, хойч үеийнхэн БИДНИЙ БАХАРХАЛ болсон эрдэмтэй хүн байв.