Мэдээ мэдээлэл
ЗҮҮН АЗИЙН ХҮЧИЛЛЭГ ТУНАДАСНЫ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний Шинжлэх ухааны зөвлөлийн 25 дахь удаагийн хурал 2025 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын нийслэл Вьентьян хотноо зохион байгуулагдаж, Монгол Улсаас Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн захирал, доктор Б.Цацрал нар оролцож байна.
Хурлаар Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээний 2021-2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүн, ололт амжилт, гарсан бэрхшээл, сургамжийг дүгнэн, 2026-2030 оны дунд хугацааны төлөвлөгөөний төслийг эцэслэн хэлэлцэж, дунд хугацааны төлөвлөгөөг тус байгууллагын Засгийн газар хоорондын хурлаар батлуулахаар шийдвэрлэв. Мөн хурлаар 2025 оны ажлын тайлан, Зүүн Азийн агаарын чанарын төлөв байдлын 5 дахь удаагийн тайлангийн төслийг хэлэлцэж, гишүүн 13 орны лаборатори хоорондын харьцуулалт, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд үнэлэлт дүгнэлт өгч, 2026 онд хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэж батална.
Зүүн Азийн хүчиллэг тунадасны хяналт шинжилгээний сүлжээ нь бүс нутгийн хүчиллэг тунадасыг хянах, хүчиллэг тунадасны талаарх ойлголтыг олон нийтэд өгөх, бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор 2001 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны бүтэц юм. 2025 оны байдлаар 13 улс тус сүлжээний гишүүнээр ажиллаж байна.
Хүчиллэг тунадас нь бороо, цас, манан, тоосонцор хэлбэрээр агаарт агуулагдах хүхрийн давхар исэл (SO₂) болон азотын исэл (NOₓ) зэрэг бодисууд усны ууртай урвалд орж, H₂SO₄ (хүхрийн хүчил) болон HNO₃ (азотын хүчил) үүсгэснээр үүсдэг. Хүчиллэгийг усан уусмалд хичнээн устөрөгчийн ион (pH) байгаагаар илэрхийлдэг. Тунадасны pH 5.6-аас бага тохиолдолд хүчиллэг тунадас гэж үздэг.
ЦУОШГ 1998 оноос Улаанбаатар хотын төвд болон Тэрэлжид хүчиллэг тунадасны хяналт шинжилгээг тасралтгүй хийж байна. Манай орны хувьд хүчиллэг тунадасны нөлөө нийт нутгаар харьцангуй бага боловч төв суурин газруудад ялангуяа галлагааны улиралд бохирдуулагч эх үүсвэр, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан эрсдэл нэмэгдэж байна.
Хүчиллэг тунадасны хэмжилт хийж эхэлсэн 1998 оноос хойш Улаанбаатар хотын хувьд олон жилийн дундаж pH 5.5–6.8 буюу ихэнхдээ саармаг орчинд байдаг боловч өвлийн улиралд Улаанбаатарт pH 4.8–5.2 хүртэл буурах тохиолдол бүртгэгдсэн.
Хүчиллэг тунадас нь:
* Амьсгалын замын өвчлөл нэмэгдэх
* Хөрсний шим тэжээл багасах, ус, ойн экосистем доройтох
* Барилга байгууламжийн зэврэлт, элэгдэл түргэсэх шалтгаан болдог.