МОНГОЛ УЛСАД УС ЦАГ УУРЫН АЛБАН ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ 100-Н ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ НЭЭЖ, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА Л.ОЮУНЖАРГАЛЫН ХЭЛСЭН ҮГ
2024 оны 04 сарын 30Эрхэм хүндэт Монгол улсын Шадар сайд, УОК-ын дарга Сайнбуянгийн Амарсайхан
Эрхэм хүндэт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ
Эрхэм хүндэт Улсын Их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат
Эрхэм хүндэт Монгол улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү
Эрхэм хүндэт Ерөнхий сайдын Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх М.Бадамлянхуа
Эрхэм хүндэт Ус, цаг уурчид, орчны шинжилгээний ажилтан албан хаагчдаа
Хүндэт зочид, төлөөлөгчид өө
Хатагтай, ноёд оо
Монгол улсад ус цаг уур, орчны шинжилгээний алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү салбарын үндэс суурийг Монгол орны өнцөг булан бүрд тавьж, хөгжүүлэн энд өнөөдөр урилгаар хүрэлцэн ирсэн үе үеийн ус цаг уурчид, орчны шинжилгээний ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаач, зочид, төлөөлөгчид Та бүхэндээ түүхт ойн баярын мэнд хүргэе.
Монголчууд бид Төв Азийн өргөн уудам нутгаар мянга мянган жил нүүдэллэн амьдрахдаа байгаль дэлхийгээ шүтэн дээдэлж, тэнгэрийн ааш араншныг тандан мэдэж, зохицон амьдрах ардын арга ухааныг бий болгон амьдрал ахуйдаа чадварлагаар ашиглаж ирсэн баялаг туршлагатай ард түмэн билээ. Энэ бүхнийг Хүннү гүрэн, Их Монгол улс, түүний залгамж Юань улсын хуулиас эхлээд “XIII зууны эхээр Монголд жуулчилсан Марко Поло, Вилгелим Рубрик нарын тэмдэглэл”, Монголын их эрдэмтэн математикч Мянгатын бүтээл , туурвилаас тодорхой харж болно.
Харин Монгол улсад шинжлэх ухаанд суурилсан ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн сүлжээний суурь буюу Ус цаг уур, орчны шинжилгээний албаны түүхийн эхлэл 1924 онд 3 дугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний санаачлагаар “Огторгуй одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр байгуулан Монгол Улсын нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын хоёр өртөө байгуулснаар тавигдсан түүхтэй. Энэхүү түүхийн эхэн үед Зөвлөлийн Засагт Нийгэм журамт Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Засгийн газрын тусламж дэмжлэгээр Эрхүүгийн “Соронзон судлал, цаг уурын обсерватор”-ын эрхлэгч В.Б.Шостакович өөрийн биеэр хүрэлцэн ирж бүтэн жилийн турш ажиллаж Монгол орны хэд хэдэн газарт цаг уурын станц байгуулан ажиглалт хийж байсан бөгөөд цаашид түүний албыг Ш.Андрей С.А.Кондратьев, А.Д.Симуков, С.И.Лебединский, Денисов нар хичээл зүтгэл гарган үргэлжилүүлсэн байна.
Энэ үеэс хойш өсөж дэвжиж, өгсөж уруудаж, өргөжин тэлсээр нэгэн зууныг туулжээ . Түүхийн энэ хугацаанд цаг уурын ажиглалтын сүлжээ нь ус,цаг уур, орчны хяналт- шинжилгээний сүлжээ болон өргөжиж, монгол орны уур амьсгал, усны нөөцийг судлан тогтоох зорилготой байсан бол монгол орны уур амьсгал, ус, байгаль экологийн нөөц, хувирал, өөрчлөлтийг судлан тогтоох төдийгүй монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хамгаалах, нийгэм эдийн засгийн бүхий л салбаруудын хөгжлийг дэмжих, гамшигаас хамгаалах улмаар улс орныхоо тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, “бат бөх, мятаршгүй үндэстэн” болоход үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм үүрэгтэй чухал АЛБАН болон өргөжин хөгжиж байна.
Монгол оронд 1960-аад оны эхээр хөдөө аж ахуйн нэгдлүүд, үр тарианы сангийн аж ахуйнууд цоо шинээр байгуулагдаж, атар газар эзэмших их аян ид өрнөж, үйлдвэр, хөдөө аж ахуй, агаарын болон авто тээвэр, төмөр замын тээврийн аюулгүй ажиллагааг хангах асуудал хурцаар тавигдаж байсан түүхэн үед буюу 1964-1983 оны хооронд ус, цаг уур, орчны үндэсний сүлжээ хамгийн эрчимтэй өргөжин тэлсэн байна. Энэ үед ус, цаг уурын албаа хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж нөр их ажлыг гардан гүйцэтгэж, ид залуу халуун нас, сэтгэл зүрхээ зориулж явсан Д.Түвдэндорж даргатай Ус цаг уурын албаныг удирдах ерөнхий газар, ус цаг уурын хүрээлэн болон төв орон нутгийн бүх салбарт тухайн үед хамтран зүтгэж байсан бүх хүмүүс, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Өнгөрсөн 100 жилийн түүхийн эхэн үед цаг уурын ажиглалтын сүлжээ нь хэдэн мянган км-ийн хэмжээстэй хүчтэй салхи, шороон шуургыг илрүүлэх боломжтой байсан бол тасралтгүй хийгдэж буй сүлжээний өргөжин тэлэлт, автоматжуулалт, ажиглалт, хэмжлийн технологийн дэвшил, радар, хиймэл дагуулын технологийн ачаар хэдхэн 10 км-ийн хэмжээстэй хэдхэн цагийн дотор үүсэж хөгжиж сарнидаг аянга цахилгаантай аадар бороо, мөндөр зэрэг үер усны гамшигт үзэгдлийг илрүүлэх, урьдчилан мэдээлэх боломжтой болсон байна.
Өнгөрсөн түүхийн хугацаанд байгаль, цаг агаарын аюул гамшгийг үл хайхран ус, цаг агаар, орчны төлөв байдал, чанарыг тасралтгүй ажиглаж, хэмжиж байдаг ажиглагч нарийнхаа зүрх сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүнд бид ИХ ӨГӨГДӨЛ-ийн баялаг санг бүрдүүлээд байна. Энэхүү сангийнхаа ачаар бид салбарын үйл ажиллагааны суурь болсон эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэн хөгжүүлж салбараас олон олон Монголын төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн судлаачид төрсөөр байна. Өнөөдөр манай ус цаг уурчдын дотроос шинжлэх ухааны доктор нэг, боловсролын доктор 85 хүн төрж гарсан нь манай салбарын шинжлэх ухаанлаг, оюунлаг чанарыг харуулж байгаа төдийгүй Монгол улсынхаа нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжилд ямар их хувь нэмэр оруулж байгааг харуулах нэг үзүүлэлт болох юм.
Ус цаг уур орчны шинжилгээний салбарын оюунлаг, бүтээлч хамт олон та бүхний өнгөрсөн түүхийн хугацаанд Табулятор хэмээх тооцоолох машины эхний хувилбараас эхлүүлэн ЕС-1022 электрон тооцоолох машин, анхны МОНЕЛ компъютерийг ажилдаа нэвтрүүлж, хамгийн сүүлд 2011 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадалтай секундэд 6.5 их наяд үйлдэл хийх чадвартай суперкомпъютерийг Монголд анх удаа суурилуулан эзэмшин ашиглаж, улс орныхоо хөгжлийн түүчээ болж, шинжлэх ухаан, техник технологийн тэргүүн эгнээнд ямагт ажилласаар ирсэн бахархам гавьяаг түүхт ойн баярын энэ өдөр онцлон тэмдэглэхийг хүсч байна.
Эдгээр ололт амжилтууд, хичээл зүтгэлийн үр дүнд иргэдийн дунд албаны нэр хүнд өссөөр “Хамгийн итгэж болох алба”-н болсон байгааг баярын энэ өдөр та бүхэндээ дуулгаж байгаадаа таатай байна. Энэ бол үе үеийн удирдлагуудын алсыг харсан зөв, мэргэн шийдвэр, санал санаачлага болон та бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүн юм.
Биднийг энэ эрхэм үүргээ биелүүлэхэд ДЦУБ-ын удирдамж, заавар, зөвлөмж, дэмжлэг тусламж, БНХАУ, ОХУ, Солонгос, Япон зэрэг хөрш зэргэлдээ улс орнуудын цаг уурын байгууллагуудын Хоёр талт найрсаг хамтын ажиллагаа, НҮБ, НҮБХХ, ЖАЙКА, КОЙКА, зэрэг олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг их байсан гэдгийг бас нэмж тэмдэглэн хэлмээр байна.
Бидний ойрын зорилго бол аюулд бус, нөлөөлөлд суурилсан олон төрлийн аюулаас эртнээс сэрэмжлүүлэх тогтолцоог улс орныхоо хэмжээнд бүрэн нэвтрүүлж, НҮБ-ийн ерөхний нарийн бичгийн дарга Антоний Гутеришийн санаачилсан “Эрт сэрэмжлүүлэгийг хүн бүрт” уриаг хэрэгжүүлж, Монгол хүн бүрийг ус, цаг агаарын аюул гамшгаас эртнээс сэрэмжлүүлэх чухал үүрэг амлалтыг хэрэгжүүлэх ёстой. Бидний холын зорилго бол уур амьсгалын өөрчлөлтөнд засан зохицох чадвартай, ухамсартай МОНГОЛ үндэстэнг бий болгох, нийгэм, эдийн засгийн салбаруудад үзүүлэх уур амьсгалын үлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж, улс орныхоо тогтвортой хөгжлийг дэмжих явдал юмаа.
Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны дараачийн 100-н жилийн эхлэл байгаль, цаг агаарын хувьд улам бүр тогтворгүй болж, сорилт бэрхшээлүүд нэмэгдэж биднээс илүү их мэргэжлийн ур чадвар, технологийн чадамж, техник, технологийн шинэ шинэ дэвшил, түлхүү хөрөнгө оруулалтуудыг шаардаж байна. Энэ бүхнийг ойлгож, ус, цаг уур орчны шинжилгээний салбарыг байнга дэмжин, манлайлан ажиллаж байгаа Монгол улсын Засгийн газар, ялангуяа БОАЖ-ын сайд болон яамныхаа хамт олонд гүн талархлаа илэрхийлье.
Энэ зуун жилийн төгсгөлд буюу өнгөрсөн жилийг БОАЖ-ын Сайдын санаачлагаар “Ус цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын нэгдсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, тулгамдсан асуудлаа тодорхойлон, Хүн төвт хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэж батлуулаад хэрэгжүүлж эхлээд байна. Мөн сүүлийн нэг жилд Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын хөрөнгө оруулалт сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр нэмэгдэж 16 орчим тэрбум, урсгал зардал 66 тэрбум болж, цаг уурын улсын сүлжээний автоматжуулалт эрчимжиж, ус судлалын улсын сүлжээний автоматжуулалтын ажлын эхлэл тавигдаж, радарын сүлжээгээ өргөтгөх боломж гарч, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, төрийн үйлчилгээний мэргэжлийн ангилалд орсон зэрэг олон чухал амжилтуудаар түүхт 100-н жилийн ойгоо угтаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Бид бүхний нягт хамтын ажиллагаа, хичээл зүтгэлийн ачаар ирэх 100-н жилийн эхлэл амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт эргэлзэхгүй байна.
Эцэст нь дахин хэлэхэд өнгөрсөн 100 жилийн түүхийг бүтээлцсэн, ирэх 100-н жилийн түүхийг бүтээлцэх энэхүү хариуцлагатай бөгөөд хүндтэй албыг хашиж, эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа үе үеийн ахмадууд, болон ус цаг уурчид, орчны шинжилгээний салбарын үндсэн ажлыг гардан хийж буй манай албан хаагчид, эрдэмтэн судлаачид, инженер, техникийн бүх ажилтан та бүхэндээ салбарынхаа үүсэж хөгжсөний 100-н жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол улсын ус цаг уурын орчны шинжилгээний алба мандан бадарч, өргөжин хөгжих болтугай
Ойн баярын үйл ажиллагаанд дахин амжилт хүсье, баярлалаа.