“Монголын ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын үндсэн асуудалууд“ онол, практикийн бага хурлыг нээж ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Л.Оюунжаргалын хэлсэн үг
2024 оны 04 сарын 25“Монголын ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын үндсэн асуудалууд“ онол, практикийн бага хурлыг нээж ЦУОШГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Л.Оюунжаргалын хэлсэн үг
Улаанбаатар хот 2024-04-25
Та бүхний энэ өдрийн амгаланг эрж байна.
Монгол улсад Ус цаг уур, орчны шинжилгээний алба үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаа маань сайхан гэгээлэг үйл явдлаар эхлэж байгаад туйлын их баяртай байна. Энэ “Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын үндсэн асуудлууд” сэдэвт онол -практикийн бага хурлыг санаачлан зохион байгуулж байгаа манай салбарын бүтээлч ахмад судлаачид, эрдэмтэн, гавъяатууд та бүхэндээ баярласан талархсанаа илэрхийлье. Ялангуяа байгаль орчны гавъяат ажилтан, Байгаль орчны сайд асан, Адъяасүрэн доктордоо энэ бүхнийг санаачлан манлайлан ажиллаж, дэмжиж туслаж байгаад тусгайлан баярласан талархсанаа илэрхийлье.
Ус, цаг уурын салбарт ажлын гараагаа эхэлж, олон жил ажиллаж, энерги эрч хүчээ зориулж явсан эрхэм хүмүүс маань тухайн салбарын үйл ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, орчин цагийн эрдэм судлалын байгууллага болгож, хүний нөөцийг хөгжүүлэхэд ч гэсэн том хувь нэмэр оруулж байсан манай ахмад судлаачид эрдэмтэд өөрсдийн эрхэлж байсан ажлын чиглэлээр тоймчилж, түүхчилсэн илтгэлүүд бэлтгэж та бүхэнд хүргэж байгаа нь манай байгууллагын түүхийг улам баяжуулж, шинжлэх ухаанжуулж, бидний мэдлэгийн цар хүрээг тэлж байгаа чухал үйлс болно.
Мөн хуралдаанд бид бүгдийн төгссөн төрөлх МУИС-ын “Цаг уур, ус судлалын тэнхэм”-ийн хамт олноос оролцож ус цаг уурын албаны хүний нөөцийг бүрдүүлэхэд оруулж буй хувь нэмрийнхээ талаар бас мэдээлэл хийх гэж байгаад талархаж байна.
Энэ хурал нь бүхэлдээ манай залуу үеийнхэнд ус, цаг уур, орчны шинжилгээний талаар цаашдын судалгаа шинжилгээ хийхэд сургамж болох, шинэ санаа авах, туршлага хуримтуулах зэрэг олон талын ач холбогдолтой байх болно.
Тус хуралд хүрэлцэн ирж, оролцож байгаа эрхэм зочид, төлөөлөгчид, эрдэмтэн судлаач Та нарынхаа цаашдын ажилд улам ажилт хүсэн ерөөе. Хурлын ажиллагаанд амжилт хүсье.