Монгол улсад ус, цаг уур, орчны шинжилгээний алба үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан номын нээлт дээр ЦУОШГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч доктор Л.Оюунжаргалын хэлсэн үг

2024 оны 04 сарын 25

Эрхэм зочид, төлөөлөгч, ус цаг уурчид, орчны шинжээчид ээ.

Өнөөдөр манай албаны 100 жилийн ойн арга хэмжээг шинжлэх ухаанч, оюунлаг болгоход манай албаны ажлын ачаалалыг 1970,80,90,2000-аад онуудад голлон үүрч явсан ахмадууд, манай салбарын нэртэй эрдэмтэд, бас манайхаас төрсөн  сайд нар, улс төрийн зүтгэлтэнүүд, манай гавъяатууд  манлайлан оролцож байгаад албаны нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байна.

Энэ эрхэм хүмүүс бол манай салбарын 50,60 жилийн амьд түүхийн амьд гэрч, бас мэдээлийн үнэлж баршгүй арвин баялаг сан билээ. Эдгээр хүмүүсийн оюун бодол шингэсэн, тэдний сэтгэл зүрхээ зориулан бичсэн сайхан бүтээл, номнуудыг өнөөдөр бид, манай өнөө болоод хойч үеийхэн хүлээж авч байгаа нь маш аз завшаантай хэрэг юм.

Одоо та бүхэндээ  тэд нарын маань оролцож бүтээсэн 6 сайхан номын нээлтийг хийж байгааг зарлаж  байна. 

Эхний ном бол манай Ус цаг уурын албаныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан доктор Д.Түвдэндорж, доктор Б.Мягмаржав, Д.Хоржав, С.Энхтүвшин нарын 2004 онд бичсэн “ Монголын ус цаг уурын албаны түүх “ хэмээх номыг Байгаль орчны гавъяат ажилтан, манай нэртэй цаг уурч Д.Цээсодролцоо гуай гочлон оролцож нэмж засамжлан гаргаж байна. Энэ номыг хянахад З.Батжаргал, Ц.Адъяасүрэн, Л.Нацагдорж, С.Наранчимэг нар их үүрэг гүйцэтгэсэн билээ.

Хоёдахь ном нь манай толгой эрдэмтэн Л.Нацагдоржийн “Уур амьсгалын нэн шинэхэн өөрчлөлт” хэмээх судалгааны том бүтээл болно. Энэ номоос тэр чигтээ шинжлэх ухаан үнэртэх болно.

Гуравдахь ном нь манай Шинжлэх ухааны анхны доктор Д.Дагвадоржийн ээлжит бүтээл “Агаар мандлын физик, хими” нэрээр гарч та бүхний гар дээр очиж байна.

Дөрөвдэхь ном “Ахмадын дурсамж” манай цувралын шинэ дугаарыг доктор, яруу найрагч Х.Хангайсайхан эмхэтгэж,  хянан тохиолдуулан гаргаж байна.

Тавдахь ном бол манай салбарын  нилээд бүтээлч хүний нэг болох профессор Ц.Адъяасүрэн багш маань  “Агаар тэнгэрийн албаны тухай амин бодрол” хэмээх өөрийн нийтлэл, бодрол, сэтгэмж, судалгааны ажлаасаа зарим хэсгийг эмхэтгэж 100 жилийн ойдоо бэлэг болгон зориулан гаргажээ.

Зургаа дахь ном бол цаашдаа байнгын үйл ажиллагаа болох “Манай эрдэмтэд” цувралын анхны дугаарыг нээж, нэрт доктор А.Намхай гуай маань судалгаа, шинжилгээний бүтээлийнхээ дээжээс хүргэж байна.

Ийнхүү манай салбарын номын сан хөмрөг 6 сайхан шинэ ном, бүтээлээр баяжиж байгаад нэн таатай байна. Та бүхэн хүлээн авч, болгоон соёрхоно уу?

Номын цагаан буян манай албаныг мялааж, улам улам хурах болтугай

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах