Дэлхийн усны өдрийн сэдэв 2024: Усны асуудлыг шийдэж Энхтайванд хүрцгээе

2024 оны 03 сарын 19

Усны асуудлыг шийдэж Энхтайванд хүрцгээе

 (Leveraging Water for Peace)

НҮБ-аас 2024 оны Дэлхийн Усны Өдрийг “Усны асуудлыг шийдэж Энхтайванд хүрцгээе” (Leveraging Water for Peace) уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн нь цагаа олсон сэдэв болжээ. Харамсалтай нь өнөөдөр дэлхий дахинаа ойрд үзэгдээгүй мөргөлдөөн, дайн дажны байдалтай, тун түгшүүртэй байна. Геополитик, улс төр, эдийн засаг, үзэл бодлын шинжтэй Орос-Украйн, Израйль-Палестин буюу Хамас бүлэглэл, Йемен-АНУ, Английн хооронд шууд дайн болж хэдэн арван мянга, зуугаар хүний амь сүйдэж, хот суурин сүйрч, хүн ард нь хэдэн саяар гэр орон, нутгаа орхин дүрвэж, хөгжил дэвшил зогсонги байдалд хүрлээ. Энэ дайн мөргөлдөөн, дайнтай зэрэгцээд байгаль орчин, эрүүл мэнд, усны асуудал улам хүндэрсээр байна.

  • Устай холбоотой зарим тоо баримт ...

Дэлхий дээр 2.2 тэрбум хүний ундны усны асуудал хүнд хэвээр буюу шаардлага хангасан ундны усаар хангагдаагүй байна (WHO/UNICEF, 2023). 2050 оны түвшинд дэлхийн хүн ам 9.0 тэрбумд хүрэхэд энэхүү статистик улам нэмэгдэх хандлагатай байна.

Дэлхийн хүн амын хагас нь жилийн аль нэг улиралд усны гачигдалтай тулгарч байна (IPCC, 2022). 

Өнгөрсөн 50 жилд үер, устай холбоотой гамшиг нийт байгалийн гамшигт үзэгдлүүдийн дотор давамгайлж байгаа бөгөөд гамшигт амь насаа алдсан хүний 70 хувийг устай холбоотой гамшиг эзэлдэг байна (World Bank, 2022). 

 

Хүнд наад захын хэрэгцээгээ хангахад хоногт 100-200 литр ус хэрэгтэй бөгөөд энэ нь жилдээ нэг хүн 36.5–73.0 м3 ус хэрэглэх шаардлагатай гэсэн үг. Хэрвээ ХАА, эрчим хүч болон үйлдвэрийн усан хангамжийг оруулж тооцох юм бол нэг хүнд жилдээ 1000 шоо метр ус шаардлагатай болно.

Дэлхийн усны 97.5% давстай болон бохирдож хэрэглэх боломжгүй байдаг бөгөөд үлдсэн 2.5%-ийн дийлэнх хувь буюу 70% мөнх цас, мөстөлд агуулагдаж үлдсэн 0.01% бага хувийг хүн төрөлхтөн хэрэглэх боломжтой буюу дэлхийн гол мөрөн, нуур, усан сангуудаас бүрдэж байдаг.

Дэлхийн бүх гол мөрний 3/5-ийг хоёр болон түүнээс олон улс орноор дамжин урсаж тэдгээрийн усны нөөцийг хуваалцаж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн 145 улс орны нутаг дэвсгэр  263 гол мөрний савд зэрэгцэн оршиж байна. Дэлхийн олон улс орны усны хэрэглээ өөр улс орны нутаг дэвсгэрт бүрдсэн усны нөөцөөс ихээхэн хамааралтай оршин тогтнож байна. Тухайлбал, Энэтхэгийн усны нөөцийн 34%, Пакистаны 76% хувь хөрш зэргэлдээ улс орноос эх үүсвэртэй байна. Нил мөрний сав газрын усны нөөцийг 11 улс, орон хуваан хүртэж байна.

Дэлхийн цэвэр усны нөөцийн 60 хувь хил дамнан урсаж байгаа гол мөрөн  бөгөөд дэлхийн 153 улс орны нутаг дэвсгэр доод тал нь 1-ээс 310 хүртэлх хил дамнасан голын сав газрыг багтааж байна. Түүнчлэн  хил дамнасан газар доорх усны 468 уст давхарга тоологдож байна (UN-Water, 2023).

Дэлхийд дөнгөж 24 улс хооронд хил дамнасан усыг зохицуулах хамтын ажиллагааны гэрээ үйлчилж байна (UN-Water, 2023).

  • 2024 оны Дэлхийн усны өдөрт зориулсан гол мессежүүд

 

  • Ус нь энх тайвныг бий болгох эсвэл мөргөлдөөнийг өдөөгч хүчирхэг хүчин зүйл мөн: Усны хомсдол, бохирдол, эсвэл хүмүүсийн  усны төлөөх тэмцэл  хурцадмал байдлыг бий болгож,  зөрчил, мөргөлдөөнд хүргэнэ. Нөгөө талаас усны чиглэлээр харилцан үр ашигтай, хамтран ажилласнаар хүн бүрийн, улс орны  усны хэрэгцээг тэнцвэржүүлж, нөхцөл байдлыг зохицуулан тогтворжуулах боломжтой.
  • Хөгжил дэвшил, амар амгалан байдал усан дээр тулгуурлана:  Улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг давах, дүрвэгсдийн асуудал хийгээд улс төрийн үймээн самууныг зохицуулахын тулд усны асуудлыг хамтын ажиллагааг төлөвлөгөө, үйл ажиллагааныхаа цөмд тавьж шийдвэрлэж байх.
  • Элдэв хямрал, зөрчил мөргөлдөөний нэг гарц бол усны асуудлыг зүй зохистой шийдэх явдал:  Усыг тогтвортой шударга, эрх тэгш хүртэх зарчим дээр нэгдэж чадсанаар бид олон нийт, ард иргэд болон улс хоорондын эв найрамдлыг НҮБ-ын олон улсын түвшний конвенц гэх мэт дэлхийн хамтын нийгэмлэгээс эхлээд орон нутгийн гэх мэт бүхий л түвшинд бий болгож чадна.

Өөрөөр хэлбэл Ус нь эвлэлдэн нэгдэх, найрамдах хэрэгсэл, тогтвортой хөгжлийн хурдасгуур болж чадна. Ус нь хүртээмжгүй байж, ашиглалтыг шударга бус байх үед мөргөлдөөнийг өдөөж, улам хурцатгадаг. Ус бол зөвхөн ашиглах, өрсөлдөх нөөц биш, амьдралын бүхий л салбарт хамаарах хүний эрх гэдгийг бид ухамсарлах ёстой. Улс орон бүр энэхүү үнэт баялгийн талаар хамтран ажиллах үед ус нь энх тайвны хэрэгсэл болох учиртай.

Түүхэнд уснаас үүдсэн хямрал олон гарч байсан ба бүр 2500 жилийн өмнө Месопотамд Лагашба, Умма хотын хооронд олон жил цус асгаруулан онц хэрцгий “усны төлөөх дайн” болж байжээ. Зөвхөн сүүлийн 50 жилд уснаас үүдсэн олон улсын маргаан  507 удаа болж, үүний 37-нь зэвсэг хангинуулсан хурцадмал байдалд хүргэсэн байна. Улс орнуудын хоорондын болон дотоодын усны асуудлаарх зөрчилдөөн эрс нэмэгдэн хурцдаж, зарим тохиолдолд хүчирхийлэлд хүргэж байна.

Эдгээр зөрчилдөөн, мөргөлдөөний шалтгааныг доорх байдлаар ерөнхийд нь тодорхойлж болно. Үүнд:  

(1) хур тунадас багатай байх, усан хангамж хангалтгүй байх, дундаа усны ганц эх үүсвэртэй байх;

(2) хүн амын хэт өсөлт, хурдацтай хотжилт;

(3) шинэчлэл, үйлдвэржилт;

(4) Улс доторх нийгмийн бүлэглэлүүд болон улс хоорондын түүхэн харилцаа тааруу байх, гэхдээ усны хомсдол дангаараа устай холбоотой зэвсэгт мөргөлдөөний шалтгаан болдоггүй бөгөөд үүнд нийгэм, улс төрийн хурцадмал байдал; далан, усан сан болон бусад томоохон төслүүдийг тойрсон маргаан; байгаль орчин, байгалийн нөөцийн асуудал нөлөөлнө.

Дэлхийн олон оронд цэнгэг усны хомсдол нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг улам хурцатгаж байна. Шаардлага хангасан цэнгэг усны хүртээмж хангалтгүй байгаа нь усаар дамждаг хийгээд уснаас гаралтай өвчин, хоол тэжээл, хүнсний дутагдал, ядуурал, эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдал, улс орон эсвэл улс орнуудын доторх бүлгүүдийн хооронд мөргөлдөөн буюу хүчирхийлэлд хүргэж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэнэ.

Энэ хямрал нефть, эрчим хүчний хямралаас үүдсэн дэлхийн 1, 2 дугаар дайныг бодвол үлэмж харгис хэрцгий, орших эс оршихын төлөөх тулаан болно гэж үзэж байна. Бас бизнесийн томоохон талбар ч болно гэцгээж байна. Энэ дайн бол зөвхөн усны гачаалын дайн биш цөлжилт, ургац алдалт, өлсгөлөн, хүнсний гачаал, эмх замбараагүй дүрвэлт, шилжилт хөдөлгөөнийг  дагуулна.

Таван тивийн 50 гаруй улс усны асуудлаар мөргөлдөөн үүсэх эрсдэлтэй гэж үздэг. Сүүлийн үед улс хоорондын мөргөлдөөн голчлон Ойрхи Дорнодод Турк, Сири, Иракийн хамтарсан Евфрат, Тигр мөрнөөс үүдэлтэй маргаан; Израиль, Ливан, Иордан, Палестин улсуудын хуваалцсан Иордан голын мөргөлдөөн, Африкт  Нил мөрний холбоотой Египет, Этиоп, Суданы зөрчилдөөн, түүнчлэн Төв Азид Казахстан, Узбекистан, Туркменистан, Тажикистан, Киргизстаны Арал тэнгисийн асуудал гэх мэтээр усны асуудлаарх хурцадмал байдал үүсээд байна.

Египетийн нутаг дахь Нил мөрний урсацын 95 хувь нь бүсийн бусад орнуудаас орж ирдэг. Тиймээс Каир урсгалын дээд хэсэгт буй орнуудаас ихээхэн хамааралтай.  Ниль мөрний савд усны төлөө Египеттэй Судан, Этиоп хоёртой зөрчилдөж байна. Тигр ба Евфрат мөрний усны нөөцийн төлөө Ойрхи Дорнодын Турк, Сири, Ирак зэрэг хэдэн орнууд өрсөлдөж байгаа. Турк хоёр мөрний эхийг хянадаг учраас хоёр хөршөөсөө давуу талтай. Эдгээр орнуудын усны асуудал одоо хүртэл шийдэгдээгүй ба тус бүртээ өөрийн ашиг сонирхлыг илүүд тавин усны сангуудаа дүүргэж авахыг эрмэлздэг. Урсгалын доод хэсэгт орших Сири, Ирак чанар муутай бохирдсон ус авдаг нь тэдний дургүйцлийг хүргэх нь тодорхой.  Сири 1974 онд Евфрат мөрөн дээр Аль-Табка даланг босгосноос болж дайн гарах шахсан. Тэр үед Ирак даланг бөмбөгдөнө хэмээн мэдэгдэж цэргээ хил дээр татаж байлаа. Энэ гурван орны сөргөлдөөн 1990-ээд онд ихээр хурцдаж байв. Тэр үед Турк Евфрат мөрөн дээр Ататюркийн даланг барьжээ. Усан сан нь урсгалаас доошхи орнуудад очих усны урсацыг эрс багасгажээ. Ирак, Сири хоёр уг даланг Туркийн дайны зэвсэг гэж буруушааж байв.

Палестин-Израилийн сөргөлдөөнд ус ноцтой шалтгаан байдаг. Израильчууд худаг шинээр гаргах, ус авахад квот тогтоосон ба 1986 оноос Палестины суурингуудын худгийн усны хэрэглээний квотыг 10 хувиар багасгасан байна. Палестины худгуудын хэрэглээний усны хэмжээ нь жилд 13 мянган шоо метр байсан бол Израильчуудынх жилдээ 750 мянган шоо метр болжээ. Маргаантай усны нөөц нэг биш удаа довтолгооны бай болж байлаа. Жишээлбэл, Израилийн Ицхар ба Кицуфим суурингуудыг усаар хангах хоолойг палестинчууд 2001 онд эвдэлж байв.

Инд мөрний усны талаарх сөргөлдөөн Энэтхэг, Пакистан хоёр тусгаар тогтносноос нэг жилийн дараа эхэлж өдий болтол үргэлжилж буй. Усжуулалтын системийн талаарх хүчтэй маргаан 1948 онд мандсан билээ. Үүний улмаас Пакистаны Пенжаб мужийн тариалангийн талбайг услах сувгуудыг Энэтхэгчүүд хааж байв. Усны эх үүсвэрийг эзэгнэх хэчнээн чухал болохыг Энэтхэг, Пакистаны маргаан буюу Энэтхэгчүүд газарзүйн давуу талаа ашиглаж, Пакистаны нутаг руу урсдаг гол мөрний усыг хааж өдгөө Пакистаны усан хангамж Энэтхэгээс 80 хувийн хамааралтай байна (Х.Эрдэнэзаяа, Усны төлөөх дайн, 2014).

1980-1988 оны Ирак-Ираны дайны үед Иракийн Ерөнхийлөгч Саддам Хусейн Месопотамын буюу Иракийн хэмээн нэрлэх ус намгархаг нутгийн 10 хувийг хатааж энэ бүс нутагт амьдарч байсан олон мянган хүнийг газар нутгаа орхин явахад хүргэж байжээ.

Дэлхийн 2 дугаар дайны үед Гитлерийн Герман туннель, метро зэргийг усаар дүүргэх үйлдэл хийж байсан түүх байдаг. Халх голын дайнд худаг усыг хордуулж, усыг эсрэг талын эсрэг зэвсэг болгож байсан түүх бас бий.

            Сүүлийн үеийн тод жишээ бол Орос-Украйны дайны үед Каховкийн усан санг дэлбэлсэн үйл ажиллагаа болон Израйл Газийн зурвасын Хамазын туннелүүдийг усаар дүүргэсэн гэх мэт. Хуучин ЗХУ-ын үед 1960-1970-иад оны үед Каховкийн усан сан болон сувгийг барьж усыг Таври, Крымын хойгийн усалгаанд ашиглаж байжээ.

Тэр ч байтгуй АНУ, Канад хэмжээх хоёр найз Их нууруудын асуудлаар маргаантай  байж,  2006 онд АНУ Их нууруудыг хамгаалахаар зэвсэглэсэн машинт харуулууд, цэгүүдийг байгуулахдаа хүрч асуудал хурцатдаж байжээ.

  • Ус харилцан ойлголцох, эвлэлдэн нэгдэх, найрамдах, энхтайваныг тогтоох,  хэрэгсэл болохын хувьд ...

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1962 оны нэгэн тогтоолд ... Байгалийн нөөц баялаг тухайн үндэстний бүрэн эрхт байдал, ард түмний эрхтэй салшгүй холбоотой бөгөөд тухайн ард түмэн, үндэстэн нь байгалийн баялгаа ашиглах бүрэн эрхээ чөлөөтэй, үр өгөөжтэй, улс орны бүрэн эрх болон тэгш байдалд тулгуурлан харилцан хүндэтгэх зарчмаар хэрэгжих ёстой … гэж заажээ.

            Устай холбоотой зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх хэд хэдэн боломж, арга замууд бий. Үүний нэг багц арга нь усны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдээс бүрддэг бөгөөд үүнд:

(1) усны үрэлгэн хэрэглээг бууруулах, үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх;

(2) сав газрын менежментийг сайжруулах, бохир ус цэвэрлэх байгууламжуудыг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн болон усны бохирдлыг бууруулах замаар цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх;

(3) газар доорх усны цооног шинээр болгож хэрэглээний усны нөөцийг нэмэгдүүлэх, тэдгээрийн засвар үйлчилгээг сайжруулах;

(4) усыг давсгүйжүүлэх арга, технологиудыг боловсронгуй болгож хэрэгжүүлэх;

(5) Сингапур, Израильд өргөн хүрээнд хэрэгжүүлсэн саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх (ахуйн бохир, хаягдал усыг цэвэршүүлэн зарим зориулалтаар дахин ашиглах).

 

            Устай холбоотой элдэв зөрчил, маргааныг дэврэн буцлахаас” нь өмнө буюу хүчирхийлэл болон бусад ноцтой үр дагаварт хүргэхээс өмнө шийдвэрлэх өөр нэг багц арга замыг мөн дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 (1) Орон нутаг, аймаг муж, үндэсний болон бүс нутаг, олон улсын түвшний хууль тогтоомжийг боловсронгуй болгох;

 (2) Үндэстнүүдийн хооронд эсвэл улс орон, аймаг, мужуудын хооронд идэвхтэй хамтын ажиллагаа;

 (3) Зуучлал ба арбитр. Олон улсын хэмжээнд усны талаар 3800 гаруй нэг болон хоёр талын болон олон талт тунхаглал, конвенци, түүний дотор 286 гэрээ байдаг байна.  Үүнээс гадна дэлхий даяар, улс орон бүхэнд өөрсдийн аймаг муж, орон нутгийн хэмжээнд буюу дотоодын ус ашиглалтын талаар олон тооны хууль тогтоомжууд байдаг. Гэхдээ мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг чангатгаж, цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс шинээр хууль тогтоомж боловсруулахад их зүйл хийх шаардлагатай байна.

  • Бидний хувьд, Монголын хувьд ус эвлэлдэн найрамдах билэг тэмдэг, харилцан үр ашигтай хамтын ажиллагааны талбар болохын хувьд ... 

 

Манай улс хилийн усны асуудлаа хоёр хөрштэйгээ Засгийн газар хоорондын “Хилийн усыг зохистой ашиглах, хамгаалах тухай” гэрээг ОХУ-тай 1975 онд, БНХАУ- тай 1994 онд байгуулан түүнээс хойш асуудлаа 2 жил тутамд хоёр талдаа ээлжлэн хэлэлцэн, асуудлаа тодорхой хэмжээнд шийдсээр ирсэн түүх байна. Гэхдээ зарим маргаантай, бүрхэг асуудлууд бий. Хил дамнасан усаа аль болох байгаль орчин, нийгэм-эдийн засаг талаасаа харилцан үр ашигтай, аль нэг улсаа хохироож, дарамтлалгүй, харилцан бие биенийхээ тусгаар тогтнолыг хүндэтгэн, соёлт хүн төрөлхтний хэлээр шийдхээс өөр зам байхгүй нь тодорхой.

Үүний зэрэгцээ хил дамнасан усны чиглэлээр ЭШ судалгаа, нийгэм-олон нийт, төрийн бус байгууллагын хүрээнд янз бүрийн хамтын ажиллагаанд идэвхитэй оролцож ирсэн байдаг. Тухайлбал, Амар мөрөн-Агнуурын тэнгисийн Консорциумын (Amur-Okhotsk Consortium, AOC) үйл ажиллагаанд (Монголын талын төлөөлөгч Д.Оюунбаатар) 2012 оноос идэвхитэй оролцож, Япон, ОХУ, Хятад зохион байгуулсан  ЭШ-ний хурал, талуудын уулзалтад оролцож, Онон-Хэрлэн-Халх голын сав газрын асуудлаар хэд хэдэн чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, харилцан мэдээлэл солилцож байлаа.

 

      Монгол улсын түүхэнд эрт дээр үеэс овог аймгуудын хооронд ус, бэлчээрийн төлөөх тэмцэл байнга явагдаж байсан тухай түүхэн бичгүүдэд дурдсан нь бий. Үүний зэрэгцээ элдэв зөрчил маргааныг мөн эрт үеэс зохицуулж ирсэн хууль дүрмүүд хэрэгжиж байжээ. Тухайлбал, XVI зууны хоёрдугаар хагасын “Зургаан хошууны хууль цааз”-ын бичигт “......ус буртаглахад морь, үхэр хоёр ав. Үзсэн гэрч үхэр ав” гэж заасан байна. Түүнээс хойших үеийн “Халх журам” цаазын бичигт “....мэдэж байж шоглож ус буртаглаваас шүдлэн морь, үхэр хоёрыг ав, үзсэн гэрчид үхэр өг” гэжээ. Монголын нууц товчоонд гардаг элдэв дайн, зөрчил мөргөлдөөний түүх нь  ерөнхийдөө ус, бэлчээрийн төлөөх тэмцэл байжээ. Бидний бага байхад үздэг байсан Эх бүрдийн домог кинонд усны эх үүсвэрийг нь эзлэн нутгийн ард иргэдийг дарамталж буй домог гардгийг санаж байна.

Одоо ч малчдын хувьд бэлчээрээ булаацалдаж маргалдах нэг нэгнийхээ малыг хөөж туух байдал даамжраад гэмт хэрэг гарах нөхцөл байдал ч үүсээд байгаа тухай мэдээлсээр байна. Зөвшөөрөлгүй худаг барьж, олон тооны малаа өвөлжөө орчимд нь бэлчээрлүүлж байгаа малчдын дунд бэлчээрийн маргаан дэгдэх нь нэмэгдсэн байна.

Хэдийгээр үлгэр, домог ч гэсэн Маугли хүүхэлдэйн кинонд ган гачиг болсон үед усны эх үүсвэр дээр эвлэрэлийг зарлаж араатан амьтад өвсөн тэжээлтнийг барьж идэхгүй байх хуультай болж, хууль зөрчсөн муу барыг хатуу шийтгэсэн тухай өгүүлэх ба ухамсарт, соёлт хүн төрөлхтөн адгуус амьтнаас дор усны төлөө бие биенийхээ эсрэг хүчирхийлэл хийж, хүний амь сүйдэж улс орон, ард иргэдийн тайван амгалан амьдралыг бусниулан, хөгжлийг хойш татах нь энэхүү даяаршсан, өндөр хөгжсөн, соёлт орчин үед төсөөлөхийн аргагүй үйлдэл буйзаа.

УЦУОСМХ-ийн ГУСХ-ийн дарга Др, Д.Оюунбаатар

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах