УЦУОСМХ-ГИЙН 2023 ОНЫ ОНЦЛОХ СУДАЛГААНЫ АЖИЛ

2023 оны 12 сарын 20

НЭГ. Цаг агаар, уур амьсгалын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ-урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилтийн гарын авлага

Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) зааварчилгаа, чиглэлийн дагуу цаг агаар уур амьсгалын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ гаргах чиглэлрүү орох шаардлага тулгарч байна. Үүний дагуу эхний байдлаар хүчтэй салхи, цасан болон шороон шуурга, зуд, гангийн үзэгдлүүд дээр Монгол орны нөхцөлийг тусгасан тухайн нийгэмд чиглэсэн урьдчилсан мэдээ гаргах арга боловсруулан Хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөр батлуулсан. Тухайн нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ нь зөвхөн цаг агаарын үзэгдлийн сэрэмжлүүлэг өгдөг уламжлалт мэдээнээс нийгэмд ямар хохирол учрах гэж байгааг орон зай, төвлөрлийн хульд гаргаж сэрэмжлүүлдгээрээ онцгой чухал юм.

 

Хүчтэй салхины нөлөөллийн урьдчилсан мэдээ тархалтаар

 

Зудын нөлөөллийн урьдчилсан төлөв

 

ХОЁР. “Цаг уурын харуулын ажиглалтын 3 хугацаагаар тооцоолсон сарын агаарын дундаж температурыг 8 хугацааны сарын дундаж утгад шилжүүлэх арга зүй” судалгаа

Энэхүү судалгааны хүрээнд кластер анализын аргыг ашиглан цаг уурын ажиглалтын 318 салбарын агаарын дундаж температурыг ижил төсөөтэй 15 ангилалд хуваан ангилал тус бүрд залруулга хийх, хөрвүүлэх коэффициентыг гарган  авсан. ЦУОШГ-ийн АЗЗ-өөр тус судалгааны үр дүнг хэлэлцүүлэн цаг уурын харуулын 3 хугацааны сарын дундаж агаарын температурын мэдээнд хөрвүүлэг хийж ашиглах зорилгоор газрын даргын А/213 тушаалаар “Цаг уурын харуулын ажиглалтын 3 хугацаагаар тооцоолсон сарын агаарын дундаж температурыг 8 хугацааны сарын дундаж утгад шилжүүлэх арга зүй” –г баталгаажуулан, улсын сүлжээнд нэвтрүүлсэн.

ГУРАВ. “Уур амьсгалын өөрчлөлтийн өндөр уулын бүс нутагт үзүүлэх нөлөөлөл” судалгаа

Тус судалгааны хүрээнд Монгол Алтайн нуруу орчмын (Цамбагарав) уур амьсгалын өнгөрсөн, одоо, ирээдүйн өөрчлөлт, хандлагыг тогтоож, түүний байгаль экосистемд үзүүлж буй нөлөөллийг судалж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар санал, зөвлөмж боловсруулсан. Судалгааны үр дүнгээр илтгэл бичин “Хүрэл тогоот -2023” эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, газарзүйн салбарын тэргүүн байранд ЭША Н.Балжинням орж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 10 сая төгрөгийн судалгааны грант авсан.

Өндөр уулын бүс нутгийн (Алтайн нуруу орчмын) уур амьсгал, түүний өөрчлөлт мөнх цас мөсний  хуримтлал, ялангуяа хайлахад  хэрхэн нөлөөлж буйг түүхэн, одоо, ирээдүйн өөрчлөлтийг бодит цаг уурын ажиглалтын болон уур амьсгалын загварчлал ашиглан уур амьсгалын экстремаль индексүүдийн өөрчлөлт, мөнх цас мөсний хайлалт, хуримталыг 100м-ын өндөр тутамд  тооцоолж судаллаа.  Судалгааний үр дүнгээс харахад бүс нутгийн жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.45°C-аар нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн эрчимтэй дулааралт өвөл, хаврын улиралд 1100-1700 метрийн өндөрт 3-аас 4°C-аар дулаарч, өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 1990-2021 оны хооронд  12 хоногоор богиносжээ.  Ерөнхий хандлагаар жилийн нийлбэр хур тунадас 1940-2021 оны хооронд 16%-өссөж байгаа боловч сүүлийн 3 жил дараалан хэвийн хэмжээнээс бага хур тунадас орсон байна.   

Уур амьсгалын эктремаль индексүүдийг  авч үзэхэд агаарын үнэмлэхүй бага температур буурч, үнэмлэхүй их температур нэмэгдэж  байгаатай холбоотой хүйтний индексүүд буурч, дулааны индексүүд нэмэгдсэн зүй тогтол харагдаж байна. Ирээдүйд мөнх цаст уулын хуримтлал бараг өөрчлөлтгүй хэвээр байхад хайлалт эрчимжиж байгааг анхааралдаа авч мөсөн голоос тэжээлтэй голуудын сав газрын эхэнд усны хуримтлал бүрдүүлэх, зохистой ашиглах бодлого боловсруулах шаардлага тулгараад байна.

ДӨРӨВ. Арц богдын өвөр хоолойн хүчтэй салхи

Арц богдын өвөр хоолой хэсгийн орон нутгийн онцлогийг тодорхойлж, хүчтэй салхины тухайлсан судалгаа хийх, Арц богдын өвөр хоолойн өвлийн улирлын салхины механизмыг тайлбарлах зорилготой. Олон жилийн ажиглалтаар Даланзадгадад салхины хамгийн их хурд зөвхөн 4-р  сард 34 м/с хүрч байсан атал Булганд 1-р сард энэ хэмжээний хүчтэй салхи байн байн тохиолдоно. Судалгааны үр дүнд Булганд орон нутгийн хүчтэй салхи үүсэх синоптикийн 2 төрлийн тохироо байдгийг тогтоосон. Үүнд I-р төрлийн процесс-Хүйтэн фронтын их салхины бүс, (хавар намарт зонхилно), II-р төрлийн процесс-Даралтын хотост хүйтэн фронттой холбоогүй их салхи гарах (өвөл зонхилно). Тухайн ажил нь тоон загвар ашиглан орон нутгийн түвшинд тохиох онцгой тохиолдлыг судалж механизмыг тодорхойлох оролдлого нь чухал ач холбогдолтой юм.

 

 Туршилтын зарим үр дүн

ТАВ. Монгол орны газрын бүрхэвчийн суурь зураглал хийх судалгаа

Монгол  орон хуурай, хагас хуурай био цаг уурын бүсэд хамаардаг нь уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилтөд эмзэг болохыг илтгэнэ. Ургамлан бүрхэвчтэй газрын гадаргуугийн бүтэц өөрчлөгдөж үр шимгүй болох, нөгөөтээгүүр тухайн газар нутаг цөлийн уур амьсгалтай болсноор уур амьсгалын өөрчлөлтийн хөдөлгөгч хүчин зүйл болдог. Иймд байгалийн бүс бүслүүр ба экосистемийн хувьд зурагласан бүс нутгийн газрын бүрхэвчийн зураглал нь Монгол орны газрын доройтол, цөлжилтийн үйл явцыг мониторинг хийхэд чухал ач холбогдолтой.

Улмаар Терра хиймэл дагуулын МОДИС 250 метрийн ургамалжилтын нормчилсон ялгаврын индекс (NDVI) өгөгдлөөр Монгол орны газрын бүрхэвчийг 5 жилийн тутамд зурагласаар ирсэн. Гэвч тухайн оны газрын бүрхэвчийн зураглал нь тус жилийн уур амьсгал, цаг уурын нөхцөлөөс хамааран бодитой өөрчлөлтийг илтгэхгүй байж болох юм. Иймээс тухайн оны газрын бүрхэвчийн зураглалыг олон жилийн суурь зураглалтай жишин уур амьсгал, цаг уурын нөхцөлийн нөлөөллийг багасгах үүднээс 2000-2020 оны мэдээгээр газрын бүрхэвчийн суурь зураглал гаргасан болно.

 

 

 

 

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах