ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТАЛАРХЛЫН ЗАХИА

2023 оны 11 сарын 30

Дэлхийн цаг уурын байгууллагын (ДЦУБ) ерөнхий нарийн бичгийн даргаар 2 удаа сонгогдсон ноён Пэттэри Таалас 8 жил үр бүтээлтэй ажилласан юм. Тэрээр ДЦУБ-ын 19 дүгээр их хурлын үед зохион байгуулагдсан сонгуулийн үр дүнд  ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон хатагтай Селесте Саулод ажлаа хүлээлгэн өгч байгаа юм.  Хатагтай Селесте Саулод 2024 оны 1 сарын 1-нээс албан үүргээ гүйцэтгэх бөгөөд 150 жилийн түүхтэй ДЦУБ-ын анхны эмэгтэй удирдагч юм.

Үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан ноён Пэттэри Таалас ДЦУБ-ын нийт гишүүн орнуудад талархлын захидал илгээснийг та бүхэнд бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

 



Эрхэм хамтран зүтгэгчид ээ,

Та бүхэнтэйгээ өнгөрсөн найман жилийн хугацаанд хамтран ажилласандаа би туйлын баяртай байна. 2023 он ДЦУБ-ын хувьд маш амжилттай жил байлаа. Бид Системчилсэн ажиглалтын санхүүжилтийн сангаар (SOFF) дамжуулан зорилтот 62 орны цаг уурын ажиглалтын үндсэн сүлжээнд хөрөнгө оруулалт хийж, “Эрт сэрэмжлүүлгийг хүн бүрд (EW4All)” санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүний зэрэгцээ бид буурай хөгжилтэй болон хөгжиж буй жижиг арлын орнуудын цаг агаар, уур амьсгал, ус судлалын үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын (НҮБ) Ерөнхий нарийн бичгийн дарга EW4All санаачилгын хэрэгжилтийн хүрээнд зорилтот 30 улсыг сонгосон. Өнөөг хүртэл санхүүгийн дэмжлэг үзүүлсэн хэд хэдэн хандивлагч орнууд, Нордикийн хөгжлийн сан, Дасан зохицох сан болон Уур амьсгалын ногоон санд маш их талархаж буйгаа илэрхийлж байна.

Өнгөрсөн тавдугаар сард болсон ДЦУБ-ын 19 дүгээр их хурлаар нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын исэл зэрэг агаар бохирдуулагчдын хуримтлал, эх үүсвэрийг хянах Дэлхийн хүлэмжийн хийн хяналт хийх (GGGW) хэмээх  шинэ чиглэлийг баталсан билээ. GGGW нь агаар мандлын тухайн хугацаанs хүлэмжийн хийн төлөв байдлыг илүү сайн тодорхойлохын тулд газрын болон хиймэл дагуулын хэмжилт, загварчлалыг  хавсран ашиглах юм.

Дэлхийн уур амьсгалын судалгааны хөтөлбөр болон ДЦУБ-ын Шинжлэх ухааны зөвлөл нь цаг агаарын аюулт үзэгдэл, хур тунадас, туйлын мөсний  хайлалт зэргийн ирээдүйн хувьсалыг  илүү сайн илрүүлэхийн тулд уур амьсгалын 1 километрийн нарийвчлалтай загварчлал ашиглах талаар дэмжлэг, зөвлөгөө өгч ажиллаж байна. EW4All санаачилга, GGGW болон уур амьсгалын загварчлалыг Дубайд болох COP28-ын үеэр түлхүү ярьж, сурталчлилах болно.

ДЦУБ нь өөрийн чадварлаг боловсон хүчин, гишүүн орнуудын хамт сүүлийн найман жилийн хугацаанд түүхэн шинэчлэлийг хийж, дараах амжилтуудыг гаргав. Үүнд:

  1. Дэлхийн ажиглалтын систем, үйлчилгээ, шинжлэх ухааны чиглэлээр ажиллаж байсан найман комиссыг нэгтгэн техникийн хоёр комисс байгуулсан;
  2. ДЦУБ-ын үйл ажиллагаанд хувийн хэвшил, шинжлэх ухааны ажилтнууд, ус судлалын үйлчилгээг өргөнөөр оролцуулсан,
  3. Буурай хөгжилтэй болон хөгжиж буй жижиг арлын орнуудын цаг уурын станцын тоог нэмэгдүүлэхийн тулд өгөгдлийн шинэчилсэн бодлого, станцын нягтралын шинэ стандарт, хөрөнгө оруулалтын механизмыг буй болгосон;
  4. Дэлхийн болон бүс нутгийн уур амьсгалын жил бүрийн тайлан, усны нөөцийн төлөв байдлын тайлан, хүлэмжийн хийн тайлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Шинжлэх ухааны нэгдсэн тайлан зэргээр дамжуулан ДЦУБ-ын мэргэшсэн байдлыг өндөр түвшинд хүргэсэн;
  5. Гишүүд орнуудтай хамтын ажиллагааг сайжруулж, илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд ДЦУБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрыг өөрчлөн байгуулсан;
  6. ДЦУБ-д ажиллах хүсэлт гаргасан гадаадын болон дотоодын иргэдэд зориулан удирдлагын бүх сул орон тоог нээлттэa зарлаж, захиргааны ажлын зохин байгуулалтыг сайжруулж, Нарийн бичгийн дарга нарын газарт залуу мэргэжилтнүүдийг томилсон;
  7. Салбар нэгжүүдэд хариуцлага, эрх мэдлийг шилжүүлэн ачааллыг тэнцвэржүүлсэн;
  8. Сингапур болон Этиопын нийслэл Аддис Абаба хотод салбар оффисуудыг нээн ажиллуулж, тэнд ажиллах дэд бүтэц болон үйлчилгээний мэргэжилтнүүдэд бүх бүс нутгийн оффисуудыг хуваарилж өгсөн;
  9. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн албыг байгуулж, нийгэм, эдийн засгийн үр ашгийн чиглэлийн мэргэжилтнүүдийг ажиллуулж байна;
  10. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэлхийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Уур амьсгалын ногоон сан зэрэг байгууллагын түншлэлийг дэмжин ажиллав. НҮБ-ын Гамшгийн Эрсдэлийг Бууруулах газартай хамтран  уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах төв байгуулсан,
  11. Цөөн, богино, үйл ажиллагаанд чиглэсэн уулзалтуудыг хийж, цөөн, цомхон баримт бичгүүд гаргахыг зохин ажиллаа.

Бидний бүх ололт амжилтууд ДЦУБ-ын тууштай, чадварлаг, шинийг санаачлагч ажилчдын багийн ажиллагаа, мөн гишүүн орнуудтай хамтын ажиллагаа дээр тулгуурладаг билээ.

Эцэст нь би ДЦУБ-ын гишүүн орнууд, Женевийн төлөөлөгчийн газар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес болон олон улсын ах дүү байгууллагуудын хамт олонд тэдний үр бүтээлтэй хамтын ажиллагаа, түншлэлд баярласнаа илэрхийлье.

Сүүлийн найман жилийн хугацаанд ДЦУБ болон олон улсын хамтын нийгэмлэгт үйлчлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг, завшаан байлаа.

Би 2024 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн цаг агаар- уур амьсгал-далай судлал, үйлчилгээ явуулдаг Финландын засгийн газрын Цаг уурын хүрээлэнгийн  ерөнхий захирлаар ажиллах болно. Тус хүрээлэн нь ДЦУБ-ын зургаан бүсийн албадын үйл ажиллагааг дэмжих, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллахад идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг юм. Би Финляндын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн (IPCC) үйл ажиллагаанд мөн хяналт тавьж ажиллах болно.

Миний petteri.taalas@fmi.fi цахим хаяг болон +358 50 341 3460  утасны дугаараар надтай холбоо барьж болно.

Та бүхэн цаашдаа миний дараа сонгогдон ажиллах болсон Селесте Сауло болон ДЦУБ-ын чадварлаг ажилтнуудтай энэ хэвээр хамтран ажиллаж , амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна.

 

Танд болон таны хайртай хүмүүст ирэх шинэ он үр бүтээлтэй жил байхыг хүсэн ерөөе!

Шинэ мэдээ

Санал хүсэлт

Авлигатай холбоотой гомдол, мэдээлэл өгөх
Бодлогын баримт бичиг болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн төсөлд санал хүлээн авах